
Т.Бямбанаран
Дэлхийн газрын ховор металлын зах зээлийн гол тоглогч болох БНХАУ нь газрын ховор элементийн (ГХЭ) нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. 2024 оны тоон мэдээллээс харахад ойролцоогоор 44 сая тонны нөөцтэй гэжээ. Тус улс дэлхийн хамгийн том газрын ховор элементийн уурхай болох Баян-Овоо уурхайг ажиллуулдаг. Тус уурхай нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд байх ба дэлхийн ГХЭ-ийн хамгийн том олборлогчдын нэгд зүй ёсоор тооцогддог.
Бразил улс 21 сая тонн ГХЭ-ийн нөөцтэйгөөр хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Үүнээс гадна, хэд хэдэн улс ховор металлын харьцангуй их нөөцтэй. Энэтхэг, Австрали, ОХУ тус бүр хэдэн сая тонн газрын ховор металлын нөөц баялагтай аж. Мөн АНУ нөөцөөрөө нэлээд дээгүүрт орох бөгөөд дэлхийн улс орнуудын жагсаалтын ойролцоогоор дунд хэсэгт бичигджээ.
Харин хамгийн их батлагдсан нөөцтэй улс орнуудын жагсаалтын сүүлд Тайланд оржээ. Тус улс 4,500 тонн ГХЭ-ийн нөөцтэй ажээ. Гэхдээ эдийн засгийн ач холбогдол бүхий хэмжээнд тогтоогдсон ордууд нь тийм ч олон биш.
ГХЭ-ийн нөөцөөр тэргүүлэгч орнуудын жагсаалт:
Газрын ховор элемент гэдэг нь өнөөгийн дэлхий дахины хамгийн эрэлттэй, үнэ цэнтэй байгалийн баялгийн нэг болоод буй. Эдгээр элементүүд байгальд нэлээд их хэмжээгээр тархсан байдаг ч олборлоход хангалттай хэмжээгээр олдох нь ховор.
Газрын ховор элемент нь нийт 17 элементээс бүрдэнэ. Тэдгээр нь бүгд химийн хувьд метал шинжтэй элементүүд юм. Түгээмэл жишээ гэвэл церий (Ce), иттрий (Y), лантан (La) зэрэг орно. Эдгээр нь цагаан тугалга, хар тугалга, цайр зэрэг аж үйлдвэрлэлийн металлуудтай зарим талаараа төстэй ч өөрийн гэсэн физик, химийн шинж чанартай.
Эх сурвалж: World Population Review