
Т.Бямбанаран
Зэсийн зах зээл 2026 онд дэлхийн эдийн засгийн хоёр том өөрчлөлтийн огтлолцол дээр ирээд байна. Нэг талаас, томоохон уурхайнуудын үйлдвэрлэлийн саатал, зэсийн баяжмалын хомсдол, геополитикийн хурцадмал байдал нийлүүлэлтийн сүлжээнд дарамт учруулж байна. Нөгөө талаас, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний шилжилт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн өргөтгөл зэрэг урт хугацааны хүчин зүйлс зэсийн эрэлтийг урьд өмнө байгаагүй хурдаар өсгөж эхэллээ.
Өмнө нь эдийн засгийн мөчлөгөөс ихээхэн хамаарч байсан зэсийн үнэ өнөөдөр эрчим хүчний шилжилт, технологийн өрсөлдөөн, геополитикийн эрсдэлийн тусгал болох онцгой үүрэг хүлээгээд байна.
2026 оны II улиралд зэсийн үнэ богино хугацаанд буурч, зах зээл тодорхойгүй байдалтай нүүр тулсан. "Comex" бирж дээр зэсийн үнэ фунт нь 5.64 ам.доллар, Лондоны Металлын Бирж (LME)-ийн 3 сарын гэрээний үнэ тонн нь 12,434.5 ам.доллар хүртэл буурсан юм.
Гэвч нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, зах зээлд хомсдол үүсэх магадлал өндөр болсноор зэсийн үнэ эргээд өсөв. Дөрөвдүгээр сарын турш тус металлын үнэ тогтвортой өсөж, 5 дугаар сарын 13-нд "Comex" дээр фунт нь 6.72 ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн бол Лондоны Металлын Бирж дээр тонн нь 14,196.5 ам.доллар болов. Үүний дараа ч зэсийн үнэ өндөр хэвээр байгаа.
Зэсийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа нь 2025 оноос эхэлсэн хэд хэдэн томоохон уурхайн саатлын шууд нөлөө юм.
Индонез дахь "Freeport-McMoRan" компанийн "Grasberg" уурхай, Ардчилсан Конго Улс дахь "Катоа-Kakula" уурхай зэрэг дэлхийн томоохон ордууд үйлдвэрлэлээ сэргээж байгаа ч бүрэн хүчин чадалдаа хараахан хүрээгүй байгаа.
"S&P Global Commodity Insights" байгууллагын Зэс ба өнгөт металлын зах зээлийн ахлах шинжээч Руйлин Вангийн мэдээлснээр "Grasberg" yypхай 2026 оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлынхаа ердөө 60%-д хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хүдрийн чийглэгтэй холбоотой хүндрэлээс шалтгаалан бүрэн хүчин чадалд шилжих хугацаа нь 2028 он хүртэл хойшилжээ.
Харин "Катоa-Kakula" уурхайн сэргээн босголт төлөвлөснөөс удааширснаар тус компани 2026 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 22.5%-иар бууруулж, 290-330 мянган тонн болгон шинэчилсэн байна.
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улс мөн үйлдвэрлэлийн хүндрэлтэй тулгарч байгаа нь үүсээд буй нийлүүлэлтийн хомсдолыг дэвэргэж байна. Анх 2026 онд Чилийн зэсийн олборлолт 3.7%-иар өснө гэж тооцоолж байсан боловч одоо бүр эсрэгээрээ үйлдвэрлэл нь 2%-иар буурах төлөв ажиглагдаж байна. Үүний гол шалтгаан нь төрийн өмчит "Codelco" компанийн хуучирсан уурхайнууд болон дэлхийн хамгийн том газар доорх зэсийн уурхай болох "El Teniente" уурхайн асуудал юм. Тодруулбал, "El Teniente" уурхайд 2025 оны 8 дугаар сард гарсан ослын улмаас үйлдвэрлэл нь доголдож, сэргээн босголтын ажил явагдаж байна.
Эдгээр асуудал нь зөвхөн тухайн компаниудын үйлдвэрлэлд нөлөөлөхгүй. Учир нь дэлхий дахинд шинэ орд ашиглалтад оруулах боломж хязгаарлагдмал, цаг хугацаа ихээр шаардагдах учраас одоо ажиллаж буй нэг том уурхайн доголдол ч дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэд шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Энэхүү зах зээлийн гол сорилт нь богино хугацааны нийлүүлэлтийн тасалдал байхаа больж, дэлхийн томоохон уурхайнуудын насжилт, олборлолтын хүндрэлтэй холбоотой бүтцийн асуудал болж байгааг харуулж байна.
Алт болон зэсийн зах зээлийн өнөөгийн өөрчлөлт, чиг хандлага уул уурхайд суурилсан эдийн засагтай манайх шиг улсын хувьд чухал дохио юм. Алтны үнэ түр зуур буурах үзэгдэл ажиглагдаж байгаа ч Төв банкуудын худалдан авалт, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлс урт хугацаанд алтны байр суурийг хүчтэй хэвээр хадгалж байна. Харин зэсийн хувьд эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй эрэлт болон нөгөө талд, улам хумигдаж буй нийлүүлэлтийн зөрүүнээс хамааран үнэ нь нэмэгдэж байгаа аж.
Монгол Улсын хувьд эдгээр хоёр металл нь зөвхөн экспортын орлогын эх үүсвэр байгаад зогсохгүй эдийн засгийн тогтвортой өсөлт, хөрөнгө оруулалтын ирээдүйг тодорхойлох стратегийн бүтээгдэхүүн юм. Гэвч дэлхийн зах зээлд үүсээд буй "алтан" боломжийг бүрэн ашиглахын тулд үнийн мөчлөгөөс хамаарах байдлаа бууруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай хэвээр байгаа билээ. Ирэх жилүүдэд алт, зэсийн эрэлт өсөх төлөвтэй байгаа нь Монгол Улсын хувьд сайн мэдээ ч энэ боломжийг урт хугацааны эдийн засгийн үр өгөөж болгон хувиргах нь хамгийн чухал сорилт хэвээр үлдэнэ.