О.Дөлгөөн
Лондоны Металлын Биржид (LME) зэсийн нөөц аюултай түвшинд хүртэл багассанаар зах зээлийн нөхцөл байдал ширүүсэж, үнэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна.
Одоогоор зэсийн үнэ тоннд нь 14,500 ам.долларт дөхөж, түүхэн дээд амжилт тогтоосон бол фьючерс гэрээний үнэ 14,100 ам.доллар давж, энэ он гарснаас хойш 14 орчим хувиар өсөөд байна. Нөөц багассанаас үүдэн арилжаачид агуулахад байгаа металлаас худалдан авахын тулд өндөр үнэ санал болгоход хүрээд байгаа юм.
Үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлсээс дурдвал, Нэгдүгээрт, АНУ зэсийн импортод дахин тариф тогтоохоос урьтаж компаниуд металл ихээр татан авч байна. Мөн Бүгд Найрамдах Конго Улс зэсийн баяжмалын экспортод хориг тавьснаас үүдэн Хятадын боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд оржээ.
Хоёрдугаарт, LME-ийн агуулахын нөөц 42 өдөр дараалан буурч 204,975 тонн болсон бөгөөд үүний бараг тал хувь нь хэдийнэ захиалгад орсон байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын тарифын шийдвэр болон нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжилбэл зэсийн үнэ цаашид ч өсөх төлөвтэй байна. Олборлолт саатсантай холбоотойгоор Antofagasta компанийн хувьцаа 3 хувиар буурсан бол Ivanhoe Mines, First Quantum, Freeport-McMoRan зэрэг бусад уул уурхайн компаниудын хувьцаа энэ сард 6-15 хувиар өсжээ.
Эх сурвалж: MINING.COM