
Ч.Сансар
Хятад улс нүүрснээс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр арав гаруй жил ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч эхэллээ. Ойрх Дорнодын хямралын улмаас газрын тосны үнэ огцом өссөн нь энэхүү салбарын тэргүүлэгч Ningxia Baofeng Energy Group компанийн ашиг түүхэн дээд хэмжээнд хүрэхэд нөлөөлжээ.
Хятадын нүүрс боловсруулж, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын гуравны нэг орчим хувийг Baofeng эзэлдэг. Тус компани энэ оны эхний хагас жилд 9.73 тэрбум юань ($1.4 тэрбум)-ийн ашиг олсон тухай лхагва гарагт хөрөнгийн биржид мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 5.72 тэрбум юанийн ашигтай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм.
Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрсэн. Энэ нь Baofeng компанийн хоёрдугаар улирлын үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлжээ. Bloomberg-ийн тооцоолсноор тус компани энэ хугацаанд 6.1 тэрбум юанийн цэвэр ашиг олсон байна. Энэ нь тус компани 2019 онд хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойших хамгийн өндөр ашиг юм.
“Газрын тосны үнэ огцом өсөж, газрын тосноос олефин үйлдвэрлэх зардал эрс нэмэгдсэн” гэж Baofeng тайландаа дурджээ. “Харин Хятадад дотоодын нүүрсний үнэ харьцангуй бага өссөн тул нүүрснээс олефин үйлдвэрлэх зардал төдийлөн нэмэгдээгүй” гэжээ.
Химийн үйлдвэрүүд нүүрсийг боловсруулж, нийлэг хий, шингэн түлш болон бусад химийн бүтээгдэхүүн гарган авч, нэхмэл эдлэл, барилгын материал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хятадад нийт үйлдвэрлэсэн метанол, аммиакийн 85 орчим хувийг нүүрснээс гарган авдаг. Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн мэдээлснээр тус салбарт 2024 онд 390 сая орчим тонн нүүрс ашигласан байна.
Энэ технологи нь зуу гаруй жилийн түүхтэй. Харин Хятад улс импортын газрын тосны хараат байдлаас гарахын тулд арваад жилийн өмнө нүүрснээс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарыг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн.
Уг салбарыг Хятадын Засгийн газар маш их дэмждэг. Гол шалтгаан бол энэ салбар газрын тос, байгалийн хийн импортыг бууруулахаас гадна Өвөр Монгол, Шиньжян, Baofeng компанийн байрладаг Ниншя зэрэг нүүрсний нөөц ихтэй, эдийн засгийн хувьд сул хөгжилтэй бүс нутгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Morgan Stanley банкны Жак Лу болон бусад шинжээчдийн мэдээлснээр Baofeng жилд 5.2 сая тонн олефиныг нүүрснээс үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь Хятадын нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын гуравны нэг орчим хувь юм. Тус компани хямд нүүрс ашигладаг учир ашигтай ажиллахын тулд газрын тосны үнэ ханшийг өсөхийг хүлээх шаардлагагүй. Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 30 орчим ам доллар байсан ч ашигтай ажиллана гэж шинжээч Лу дөрөвдүгээр сард гаргасан тайландаа дурджээ.
Эх сурвалж: Mining Weekly