БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ий бүрэн эрхийн хугацаа дуусаж эх орондоо буцлаа. Тэрбээр өмнөд хөршөөс манай улсад суусан 18 дахь Элчин сайд бөгөөд анхны эмэгтэй сайд юм.
Элчин сайд Шэнь Миньжуань эдийн засагч мэргэжилтэй, дипломат албанд олон жил ажилласан туршлагатай. Өмнө нь БНХАУ-аас Малайз болон Индонез улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан. Монголд томилогдон ирэхээс өмнөх таван жилийн хугацаанд Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд даргаар ажиллаж байсан, Ази дотроо Зүүн өмнөд Азиар мэргэшин ажиллажээ.

Элчин сайд Шэнь Миньжуань-ий Монголд ажиллах үед хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төслүүд гараанаас гарлаа. Түүний ажлын үр дүн болон Хятад улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар Хятад судлаач, доктор Х.Баатархүүгээс тодруулсан юм.
А.Халиун
Элчин сайд Шэнь Миньжуань-ий бүрэн эрхийн хугацаанд 17 жил гацсан Гашуунсухайт- Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажил төдийгүй дэд бүтцийн томоохон төслүүд гараанаас гарлаа. Түүний Монгол Улсад томилогдон ажилласан үр дүнг Та хэрхэн дүгнэж байна вэ?
Элчин сайд Шэнь Миньжуань 2023 оны 9 дүгээр сард томилогдон ирснээс хойш Монгол Улсад маш амжилттай ажиллаж, үүрэгт ажлын хугацаа дуусаж эх орондоо бүр мөсөн буцаж байна. Энэ хугацаа бол Монгол-Хятадын харилцааны олон асуудлыг шийдсэн, шийдлээ хүлээсэн асуудлуудад дорвитой хариу өгсөн гурван жил байлаа. Ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаанд ковид цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, олон жил зогсонги байсан мега төслүүдийг эхлүүлж чадлаа.
Тухайлбал, 2004 оноос анхааралд орж, 2010 оноос хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж 2027 оны эхний хагаст ашиглалтад орох гэж байна.
Мөн баруун бүсийн эрчим хүчний дутагдлыг бууруулах, ОХУ-ын хамааралтай байдлаас гаргахад чухал үүрэг бүхий 90 МВт-ын суурилуулсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Замын-Үүд, Эрээний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн албан ёсны шийдвэрийг 2024 оны 3 дугаар сард гаргалаа. Энэ нь хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжсэн чухал шийдэл болсон гэж харж байна.

Хятад улс Монгол руу анх удаа эмэгтэй хүнийг Элчин сайдаар томилж илгээсэн. Хөрш орнуудын харилцааны томоохон асуудлуудыг шийдвэрлэж, амжилттай ажиллахад нь Элчин сайдад юу нөлөөлсөн бол?
Элчин сайд Шэнь Миньжуань эдийн засагч мэргэжилдээ эзэн болохын дээр, өргөн мэдлэгтэй, маш сайн англи хэлтэй хүн. Хятадын ГХЯ-нд анх ажиллах үеэсээ төр, засгийн удирдлагуудад дээд түвшиний орчуулга хийдэг байсан гэдэг. Дараа нь Зүүн өмнөд Ази болон олон улсын эдийн засгийн чиглэлээрээ мэргэшиж ажилласан. Энэ хүний давуу тал нь маш хурдтай ажилладаг, асуудлуудыг хойш тавьдаггүй, богино хугацаанд шийддэг. Бас нэг онцлог нь сошиал платформуудыг идэвхтэй ашигладаг. Сошиал сувгуудаа монгол хэлээр хөтөлж, өдөр тутам мэдээллээ оруулж явдгаараа монголчуудад танигдсан Элчин сайд. Монголчуудтай ихэнх тохиолдолд англиар шууд харилцаад, ажлаа явуулдаг. Эмэгтэй хүний хувьд асуудалд уян хатан хандаж чаддаг.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын араас Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтын хил холболтын төмөр замуудыг холбох ажлууд үргэлжилнэ гэж Ерөнхий сайд болон Зам, тээврийн сайд нар мэдэгдсэн. Хил холболтын дараагийн төслүүд хэрэгжих боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын дараа таны дурдаж буй боомтуудыг төмөр замаар холбох төслүүдийг үргэлжлүүлэхээр тогтсон. Одоо 1955 оноос хойших хоёр дахь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт өрнөж байна. Бусад боомтын хил холболтын ажлууд шат дараатай үргэлжилж, хоёр орны хилийн төмөр замын таван боомт зэрэг ажиллах боломж бүрдэх юм.
Нэг боомт хаагдахад хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа бүрэн зогсдогийг бид ковидын үед харж, сургамж авлаа шүү дээ. Тэгвэл сонголттой болсноор тээвэр логистикийн салбарт давуу тал бий болно. Олон төмөр замын боомтын холболт буй болсноор бид газар зүйн байрлалын давуу талаа ашиглан Транзит Монгол болоход нэг том алхам урагшилна.
Шэнь Миньжуань Элчин сайдын үед эхлүүлсэн бас нэг том төсөл нь Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсэд хийж буй бүтээн байгуулалтууд. Бүтээн байгуулалт ирэх жилүүдэд эрчимжиж, энэ бүсэд хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлийн олон ААН-үүд ажиллах боломж нээгдэнэ.
Монгол, Хятад хоёр орны худалдааны харилцаа ямар түвшинд байна вэ?
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 16.9 тэрбум ам.доллар байв. Хоёр улсын Төрийн тэргүүний 2022 онд тохирсон буюу хоёр орны худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтод энэ жил хүрэхээр байна. 2026 оны эхний хагас жилд худалдааны эргэлт өмнөх оныхоос 30 орчим хувийн өсөлттэй байна. Нүүрсний экспорт эхний зургаан сард 59.2 сая тоннд авлаа. Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрсний орлогоос давсан үзүүлэлттэй байна. Эндээс харахад 2026 онд хоёр улсын худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байгаа юм. Худалдаанаас гадна аялал жуулчлалыг дэмжих, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр цөөнгүй санаачилгууд гаргасан.
Манай улсын уул уурхайн экспортын үндсэн түүхий эд нь нүүрс. Гэвч Хятад улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт онцгой анхаарал хадуульж, нүүрсний станцуудаа үе шаттайгаар хаах бодлого барьж байгаа энэ үед бид үлдэж буй боломжийг хэрхэн ашиглах вэ?
Хятад улс дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 55 гаруй хувийг дангаар бүрдүүлж, олборлолтоор тэргүүлдэг. Жилд ойролцоогоор 4.7-4.8 тэрбум тонн нүүрс олборлож, 5 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Жилд 480 сая орчим тонн нүүрс импортолж байна.
Монгол Улс энэ оны эхний хагаст 59 сая тонныг экспортолж, Хятадын хамгийн том нийлүүлэгч болсон. Бид энэ байр сууриа хадгалж, ирэх таван жилд жил тутам 100 орчим сая тонн нүүрс тасралтгүй нийлүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ Хятад улсын нүүрсний оргил хэрэглээ 2031 оноос буурна. Тиймээс манай улс ирэх таван жилд боломжит дээд хэмжээндээ нүүрсний экспортыг хийх нь зүйтэй болов уу.
Хятад улсад сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нүүрсний цахилгаан станцынхаа хэмжээнээс давсан. Ногоон эрчим хүчний хэрэглээнд аажмаар шилжиж эрчим хүчний төрөлжүүлэлтийг маш сайн хийж байна.
Гэхдээ нийт хэрэглээ, үйлдвэрлэлийн хувьд эрчим хүчний хэрэгцээ асар өндөр байгаатай холбоотойгоор эрчим хүчний системээ тогтвортой байлгахын тулд нүүрсийг ашигласаар байна.
Харин 2026 оны 3 дугаар сараас дэлхий дахинд үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөж байна. Оны сүүлчээр эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөхөөр байгаа нь манай улсын хувьд эрчим хүчний нүүрсээ экспортолох боломж юм.
Хятад улсын эдийн засгийн өсөлт ямар түвшинд байна вэ?
Хятад улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст 4.7%-иар өссөн буюу төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн. Ковидын дараа эдийн засгийн сэргэлт нь удаашралтай байсан бол сүүлийн жилүүдэд экспортын орлого нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл сэргэж байна.
Хятадын ГХЯ-ны сайд Ван И Монголд айлчлах үеэр хийсэн мэдэгдэлдээ, "Хятад улсын эдийн засаг 1%-иар өсөхөд Монголын хувьд экспорт 4%-иар, эдийн засаг 0.6%-иар өсдөг" гэж дурдсан. Манай улсын эдийн засгийн өсөлтөд Хятадын эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөтэй нь эндээс харагдана. Хятадын аж үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засаг өргөжин тэлэхийн хэрээр манай улсын экспортын орлогод эергээр нөлөөлдөг байх нь.
Хятад улсын ойрын жилүүдийн эдийн засгийн хөгжлийн бодлого хаашаа чиглэж байна вэ?
Хятад улсын ирэх таван жилд шинжлэх ухаан, технологи болон хүнсний аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах салбарт илүү хөрөнгө оруулалт хийхээр Улс ардын аж ахуйг хөгжүүлэх XV таван жилийн төлөвлөгөөндөө тусгасан. Төлөвлөгөөг 2026 оны 3 дугаар сард баталсан.
Урьдынх шиг барилга, дэд бүтэц, зам, нисэх буудал, метро зэрэг бүтээн байгуулалтаас илүүтэй эдийн засгийн бүтцэдээ өөрчлөлт оруулж, өндөр технологийн салбаруудад илүү хөрөнгө оруулалт хийх гэж байна. Өмнө нь их хэмжээний түүхий эдээр, асар их эрчим хүч ашиглаж, хямд ажиллах хүчээр асар их хэмжээний хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхий даяар худалдан борлуулдаг байсан бол одоо огт өөр болж байна.
Хятад улс эдийн засагтаа бүтцийн томоохон өөрчлөлт хийж байна. Одоо өндөр технологид суурилсан, нэмүү өртөг ихээр шингэсэн технологийн бараа бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлэх зорилго тавьж байна.
Эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт оруулах төлөвлөлт хийсэн Хятад улсын хөгжлийн бодлоготой уялдуулж манай улс ямар чиглэл баримтлах нь оновчтой вэ?
Бид энэ бодлогод нь нийцсэн түүхий эд буюу үнэт, өнгөт металл, газрын ховор элемент зэргийг Хятад улсын зах зээлд нийлүүлэхийн тулд хөгжлийн мөчлөгийг нь угтаж одоогоос энэ чиглэлийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх нь зөв болов уу.
Хятад улс жилд бараг 30 сая тонн зэсийн баяжмал болон хүдэр импортолдог, зэсийн аварга том зах зээл. Манай Оюутолгой, Эрдэнэт хоёр үйлдвэр нийлээд жилд 1.5 сая гаруй тонн зэсийн баяжмал экспортолж байгаа нь том зах зээлд бага ч цаашид өсөн нэмэгдэх боломжтой ирээдүйтэй салбар юм.