Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ЗЭСИЙН ҮНЭ ӨССӨНӨӨР BHP-ИЙН ОРЛОГО АШИГ ОГЦОМ НЭМЭГДЛЭЭ

Ч.Сансар

Зэсийн үнэ өсөж, үйл ажиллагаа сайжирснаар BHP-ийн жилийн ашиг эрс нэмэгджээ. Тус компани ирэх арван жилд зэсийн бизнесээ өргөжүүлэхэд зориулж олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Зургаадугаар сарын 30-наар дуусгавар болсон санхүүгийн жилд BHP-ийн суурь EBITDA (хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг) 27%-иар өсөж, $32.9 тэрбумд хүрсэн бол суурь ашиг 30%-иар нэмэгдэж, $13.2 тэрбум болжээ. Үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгал 17%-иар өсөж, $21.8 тэрбумд хүрсэн байна.

BHP тухайн санхүүгийн жилд нийт $8.7 тэрбум буюу нэгж хувьцаанд $1.72-ийн ногдол ашиг хуваарилахаар зарласан. Тайлант хугацааны эцэст компанийн цэвэр өр $8.7 тэрбум байв.

Түүхий эдийн үнийн өсөлт BHP-ийн ашиг нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Тус компанийн мэдээлснээр гадаад хүчин зүйлс EBITDA-г $5.6 тэрбумаар нэмэгдүүлсэн байна. Харин компанийн үйл ажиллагаа сайжирсан болон өөрийн хяналтад байгаа бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр EBITDA $1.3 тэрбумаар өссөн байна.

BHP-ийн тооцоолсноор дэлхийн зэсийн жилийн эрэлт хэрэгцээ одоогийн 34 сая орчим тонноос нэмэгдэж, 2050 онд 50 сая тонныг давж өсөх төлөвтэй байна. Үүнд цахилгаанжуулалт, эрчим хүчний сүлжээний өргөтгөл, хиймэл оюун ухаан болон дата төвүүд голлон нөлөөлнө. Мөн ирэх арван жилд зэсийн нийлүүлэлт жилд 10 сая хүртэл тонноор дутагдаж болзошгүй гэж тус компани үзэж байна.

BHP компани Чилийн Escondida уурхайд зэс баяжуулах шинэ үйлдвэр барихад зориулж эхний ээлжид $500 саяын санхүүжилт баталжээ. Нийт $5.4–$6.3 тэрбумын өртөгтэй уг үйлдвэр 2031–2032 оноос ажиллах төлөвтэй байна.

BHP мөн Австрали болон Өмнөд Америк дахь зэсийн төслүүдээ өргөжүүлж байгаа. Ингэснээр 2027–2035 онд зэсийн олборлолтоо 40 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой болно.

BHP гаднаас санхүүжилт авахгүй, өөрийн орлогоор зэсийн бизнесээ өргөжүүлж, 2030-аад оны дунд үе гэхэд жилийн олборлолт нь 2 сая орчим тоннд хүрнэ гэж үзэж байна.

Төмрийн хүдэр BHP-ийн орлогын гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа бөгөөд Баруун Австрали дахь төмрийн хүдрийн олборлолт нь дээд хэмжээнд хүрчээ. Тус компанийн үйл ажиллагааны зардал Pilbara бүс дэх томоохон үйлдвэрлэгчдийн дунд долоо дахь жилдээ хамгийн бага түвшинд байна. 

Канад дахь BHP-ийн калийн давсны Jansen төслийн бүтээн байгуулалт 84%-ийн гүйцэтгэлтэй байна. 2027 оны дунд үеэс үйлдвэрлэлээ эхлүүлж, цаашид жилд 8.5 сая орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

BHP нь дунд хугацаанд жилд 11 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс 4 тэрбум ам.долларыг өсөлтөд чиглэсэн төслүүдэд зарцуулна.

Эх сурвалж: Oilprice