
Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж, санал солилцов.
Манай улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулж байна. Энэхүү боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт болон хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдол өгөн ажиллаж байна.
Хурлын үеэр манай тал “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг үндэсний хөтөлбөрүүдээ танилцуулж, олон улсын түвшинд бэлчээр, малчдын асуудлыг дэвшүүлэн санхүүжилт татах зорилт тавин оролцож байна.
Уулзалтын үеэр Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад баяртай мэдээ дуулгав. Тэрээр газар хөрс сэргээх, бэлчээрийн чиглэлээр 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд чуулж, таван тивийн 23 улсад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг онцоллоо.
Ерөнхий сайд Н.Учрал Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын дэмжлэгт талархал илэрхийлээд, “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааны дор үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон олон улсын түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтсоныг тэмдэглэв. Мөн хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг олон улсын хамтын нийгэмлэг онцгойлон сайшааж буйг нэмж хэллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар