
Ч.Сансар
Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Coal India компани гадаад дахь анхны худалдааны төлөөлөгчийн газраа Сингапурт байгуулахаар ажиллаж байна. Тус компани үйл ажиллагаагаа төрөлжүүлж, төмрийн хүдэр болон стратегийн ач холбогдолтой чухал ашигт малтмалын худалдаа эрхлэхийг зорьж байгаа талаар хоёр эх сурвалж мэдээллээ.
Энэтхэгийн төрийн өмчит компаниуд литий, боксит зэрэг критикал минералыг гадаадаас тогтвортой нийлүүлэх эх үүсвэрээ нэмэгдүүлэх, Хятадаас хараат байдлаа бууруулах ажлаа эрчимжүүлж байна.
Шинээр байгуулагдах гэж буй төлөөлөгчийн газар нь Coal India компанид чухал ашигт малтмалын бизнесээ өргөжүүлэх, гадаадад орд худалдан авах, төмрийн хүдрийн бизнесээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Coal India компани ашигт малтмалын нөөцөөр баялаг хэд хэдэн бүс нутагт хөрөнгө оруулах боломжийг судалж байна. Тухайлбал, Гана болон Африкийн бусад орнуудад бокситын орд, газрын ховор элементийн төслүүдийг сонирхож байгаа аж.
Литийн чиглэлээр Coal India компани голдуу Чилид ажиллах сонирхолтой байна. Үүнээс гадна бусад чухал ашигт малтмалын орд, төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг Канад, Австралид судалж байгаа.
Тус компани нүүрснээс гадна бусад ашигт малтмалын салбарт ажиллахаар төлөвлөж байна. Энэ сард Энэтхэгийн Одиша мужид болсон дуудлага худалдаагаар төмрийн хүдрийн орд ашиглах эрх авч, төмрийн хүдрийн салбарт анх удаа хөл тавьсан байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Coal India компани Канадын Wealth Minerals компанийн Чили дэх литийн уурхайг эзэмшдэг салбар компанийг худалдан авах боломжийг судалж байна. Хэрэв хоёр тал тохиролцож чадвал тус компани цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд шаардлагатай литийн нөөц ашиглах боломжтой болох юм.
Энэтхэг улс цэвэр эрчим хүчний шилжилт болон аж үйлдвэрээ хөгжүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд гадаадад стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд, нөөцийг эзэмших бодлого хэрэгжүүлж байгаа ч төдийлөн амжилтанд хүрээгүй байна.
Одоогийн байдлаар Энэтхэг улс гадаадад литийн хайгуул, олборлолтын чиглэлээр зөвхөн нэг гэрээ 2024 онд байгуулжээ. Уг гэрээний дагуу тус компани Аргентинд таван талбай худалдан авсан байна.
Эх сурвалж: Mining Weekly