Б.Төгсбилэгт
Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани хоорондын Оюу толгойн зээлийн хүүг бууруулахтай холбоотой хэлэлцээрийн үр дүнг эхний байдлаар зарлаад наадамтай золгов. Рио Тинто жил бүр наадам тохиох үеэр Оюу толгой төсөлтэй холбоотойгоор зардал өсөх, геологийн хүндрэл гарсныг дуулгах зэргээр өмнө нь "гэнэтийн бэлэг" барьдаг байсан. Харин энэ удаад уламжлал эсрэгээр эргэж манай улсын хувьд баярт мэдээ дуулгаж таарч буй нь ихээхэн сайшаалтай хэрэг юм.
Засаг энэ баярт мэдээг, чухамдаа Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд зээлийн хүүг хэрхэн бууруулахаар тогтсоныг маш товчхон байдлаар нийтэд (2026.06.30) уламжлав. Тодруулбал Оюу толгой төсөлд холбогдох хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өмнө нь 10.5% (6.5%+SOFR) байсныг 7.9% (4%+SOFR) болгож буйг бахархалтайгаар танилцуулсан юм. Хэлэлцээр тун хүнд нөхцөлд өрнөснийг Сангийн сайд 3.Мэндсайхан онцолсон. Ийнхүү Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 2.5%-иар буурч байна. Гэвч 3 болон түүнээс дээш хувиар хүүг бууруулж Оюу толгой компанийн "нуруун дахь ачааг" хөнгөлөх хүлээлт биелсэнгүй. "Чамлахаар чанга атга" гэдэгчлэн, үр дүнгийн хувьд тийм ч муугүй гэж хэлэх хүн олон байна. Сангийн сайд 3.Мэндсайхан зээлийн хүү буурснаар гарах үр дүнг ийн тайлбарлав. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээгээр 7 жил тутамд олгогддог зээлийн хүүг эргэн харах нөхцөлийн дагуу Оюу толгойн хэлэлцээрийг Рио Тинто групптэй хийж дууслаа. Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 30-наас эхлээд Рио Тинтотой тасралтгүй хэлэлцээр хийлээ.
Оюу толгойн зээлийн бүтцийг харвал төслийн санхүүжилт буюу 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь компанийн нийт зээлийн үлдэгдлийн 19.2%-ийг эзэлж байгаа (нийт 3.9 тэрбум доллар, жилийн 9%-ийн хүүтэй). Давуу эрхтэй спонсорын зээл 8.2%-ийг эзэлж буй нь мөн л 9%-ийн хүүтэй. Урьдчилгаа төлбөрийн гэрээ нь 8.7%-ийн хүүтэй. Засгийн газрын хийсэн гол хэлцэлд хамаарах хувь нийлүүлэгчдийн зээл буюу Рио Тинтогийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүгийн хувь хэмжээ өнөөдөр 10.4% байгааг 7.9% дээр авчирлаа" гэв.
Хувь нийлүүлэгчдийн зээлийн хувьд хуримтлагдсан хүүгийн хамтаар одоогоор 13 тэрбум ам.долларт хүрээд буй нь нийт зээлийн үлдэгдлийн 60 гаруй хувийг бүрдүүлж байна. 2025 оны 12 дугаар сард болсон Оюу толгойн нээлттэй сонсголын үеэр уг зээлийг 2037 он хүртэл төлж дуусгах бөгөөд зөвхөн хүүнд 19 тэрбум ам.доллар, үндсэн зээл болох 6.1 тэрбум ам.долларын хамт төлснөөр нийт төлөлт 25.1 тэрбум ам.доллар болох тооцооллыг танилцуулсан. Үүнээс үзэхэд уг зээлийн хүүг бууруулах нь чухам маш чухал ач холбогдолтой ажил байсан нь илэрхий.
Сангийн сайдын мэдэгдсэнээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буулгаснаар Оюу толгой компанийн санхүүгийн ачаалал буурахын сацуу Монголын талын өгөөж дээшилж байна. Тэрбээр "Зээлийн хүү одоо SOFR+4% болсон гэсэн үг... Ийнхүү хүүг бууруулснаар Оюу толгойн хүүгийн зардал 6.2 тэрбум ам.доллароор буурч, Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Ингээд өмнө нь Оюу толгой компани өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлж байсан бол одоо уг үзүүлэлт 10.2 тэрбум төгрөг болж 25%-иар буурч байгаа юм. Ингэснээр Монголын талын өгөөж 35-40.5% pyy нэмэгдэж байна. SOFR жишиг хүүгийн тухайд АНУ-ын бодлогын хүүтэй уялдаж тогтдог. Тиймээс SOFR буурах нөхцөлд 7.9%-ийн хүү илүү доошлох боломжтой. Мөн хэлэлцээрийн үр дүнд 3 жил тутамд зээлийн хүүг эргэн харж, олон улсын жишигт хүргэх боломжтой болж буй нь ихээхэн чухал юм. Манай улсын ногдол ашиг хүртэх хугацаа 2037 он байгаа ч энэ оноос эхлэн авахаар хэлэлцээрээр тогтсон. Яг хэдий хэмжээний ногдол ашиг, ямар үндэслэлээр авах тухайд одоо хэлэлцэж тогтоно. Монгол улсын өгөөж 53%-д хүрэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн төлөвлөгөөн дээр 53%-ийн өгөөжийг АМНАТ, татвар, бусад хураамж, ногдол ашгаар авна гэж тусгасан байдаг. Ингэж байж Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Намрын чуулганаас өмнө ногдол ашиг авахтай холбоотой санхүүгийн тооцооллуудыг хийнэ" гэв.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэлцээрийн үр дүнг мөн ийн (2026.06.30) танилцуулсан. Тэрбээр "Манай Засгийн газар Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол эхний 100 хоногийн босгон дээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор бууруулж чадлаа. Ингэснээр Оюу толгой компаниас зээлийн хүүнд төлөх байсан төлбөрийг 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгөөр хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг гурван жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож чадлаа. Гуравт, энэ жил бид Оюу толгойгоос ногдол ашиг авна. Рио Тинтотой уг асуудлаар ажиллахаар тохиролцлоо. Хэлэлцээрийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Оюу толгой төслийн үр өгөөжийг цаашид нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгож байна" гэв.
Ерөнхий сайд наадмын дараахан мэдэгдэл хийж ногдол ашиг авахтай холбоотой ажлын хэсэг байгуулж, Сангийн сайдаар ахлуулахаар болсныг (2026.07.24) дуулгасан.
Харин Оюу толгойн хэлэлцээрийн томоохон хэсэг болох Онтрэ Ресурс компанитай шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын тухайд ямар нэг алхам хийгдэж эхлээгүй байгааг тэрбээр онцоллоо. Иймд цаашид уг ажлыг эрчимжүүлж, ширээний ард суугаад хэлэлцээрээ эхлүүлэн улмаар УИХ-д танилцуулж шийдвэрлэх шаардлагатай тухай мэдэгдсэн.
Хэлэлцээрийн эхний үр дүнгүүдээс үзэхэд Рио Тинто Оюутолгойн оргил олборлолт ойртож буй ч бүх давуу хөзрөө алдахыг хүсээгүй бололтой. Энэ нь зээлийн хүүгийн зохицуулалт, төслийн өгөөжтэй холбоотой асуудлаар илэрнэ. Зээлийн хүүг тодорхой хэмжээгээр буулгасан ч, улирал тутам хүүгээс хүү тооцдог аргачлалыг хэрхсэн талаар Рио Тинтогийн ч, Засгийн ч мэдээлэлд дурдагдсангүй. Тэгэхээр улирал тутам хүүнээс хүү тооцдог байдлыг болиулж, улмаар уг нөхцөлөөр хуримталсан хүүг тэглэх асуудал нь шийдэгдэлгүй хэвээр үлджээ. Өмнөх Сангийн сайд Б.Жавхлан хүүгээс хүү тооцдог "бүдүүлэг байдлыг" арилгах асуудал хэлэлцээрт багтсан гэж мэдэгдсэн удаатай. Рио Тинто ногдол ашиг олгох асуудалд илүү уян хатан бодлого баримталж, оронд нь хүүгээс хүү тооцдог горимыг хэвээр хадгалах стратеги баримталсан бололтой.
Тэгвэл одоо ногдол ашиг хэрхэн тооцогдох асуудал тулж ирж байна. Энэ онд шинжээчдийн тооцооллоор Оюу толгойн экспортын орлого 7-8 орчим тэрбум ам.долларт хүрч, эерэг мөнгөн урсгал буюу ашиг 4-5 тэрбум ам. доллароор илэрхийлэгдэх төлөвтэй байна. Тэгэхээр Монголын талд оногдох ногдол ашиг 1.4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Үндсэн хуулийн зарчмаар байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд оногдох учиртай. Одоогоор хэлэлцээрийн үр дүнд Оюу толгойн Монголын талд оногдох өгөөж ердөө 40.5%-д л хүрээд буйг Сангийн сайд нэгэнт дуулгасан. Тэгэхээр 53%-д ахиулж өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ногдол ашгаар үлдээд буй орон зайг дүүргэхээс өөр аргагүй нь тодорхой байна. Рио Тинто ч энэ оноос ногдол ашиг олгохын тухайтад санал нийлсэн.
Гагцхүү үүгээр өгөөжийн хуваарилалт үнэхээр 53%-д хүрч чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Тийнхүү өгөөжийн дийлэнх нь ард иргэдэд очих зарчим баталгаажиж гэмээнэ Онтрэгийн хэлэлцээр цааш явна гэдгийг Сангийн сайд онцолсон. Уг хэлэлцээрээр Онтрэ-тэй хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулах асуудал нэг мөр шийдэгдэнэ. Ийм байдлаар энэ оны Оюутолгойтой холбогдох үйл явдлууд сонирхолтой бөгөөд урьд хожид байгаагүй үр дүнтэйгээр өрнөх нь тодорхой боллоо.
Дээрх үр дүнгүүдээс гадна Засгийн газрын хувьд Оюутолгойн зээлийн санхүүгийн бүтцийг илүү оновчтой болгох чиглэлд хамтарч ажиллахаар хоёр тал хэлэлцээрээр тохиролцсон байна. Мөн компанийн засаглалыг илүү тодорхой болгож, үр дүнд суурилсан үзүүлэлтүүдийг нэвтрүүлж, Монголын талаас засаглалд илүү оролцоотой байхаар тохиролцож чадсан байна. Монгол улсын Оюутолгой ордоос ирээдүйд хүртэх санхүүгийн өгөөжийг ийнхүү 4 тэрбум ам.доллароор ахиулсны сацуу тогтолцооны хувьд ахиц гарч буй нь томоохон дэвшил юм.
Гэхдээ хэлэлцээрийн үргэлжлэл буюу ногдол ашгийг харилцан тогтох, Онтрэгийн гэрээ зэрэг нь цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй тул Засаг баярлах эрт байна.