Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ирак нефтийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна

Ч.Сансар

Ирак улс ойрын зургаан жилийн хугацаанд газрын тосны олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт 8–10 сая баррельд хүргэхээр зорьж байна. Ираны дайн эхлэхээс өмнө тус улс өдөрт 4 сая орчим баррель нефть олборлож байжээ.

Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Ирак улс ОПЕК+ байгууллагаас өөрт нь тогтоосон нефть олборлолтын квотыг нэмэгдүүлэх зөвшөөрөл авах шаардлагатай. Тиймээс Иракийн албаныхан квотоо нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэхээр Саудын Арабыг зорьжээ.

Гишүүн орнууд хэр их нефтийг тогтвортой олборлож чадахыг үнэлэх зорилгоор  ОПЕК+ “DeGolyer and MacNaughton” компанийг хөлсөлжээ. Үнэлгээний дүн есдүгээр сарын эцсээр гарах бөгөөд үүнд үндэслэж 2027 оны олборлолтын квотыг тогтоох юм байна.

Олборлолтын квотоо нэмэгдүүлнэ гэдэг нь тухайн гишүүн орон нефть олборлолтоо нэмэгдүүлж болно гэсэн үг. Тиймээс талуудын хэлэлцээр тийм ч амархан байхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаас ОПЕК+ квотыг нь нэмэгдүүлсэн ч Ирак газрын тосоо хэрхэн экспортлох вэ гэж нэг асуудал тулгарна.

Иракийн гол экспортын маршрут болох Ормузын хоолойг Иран хааснаар нефтийн тээвэрлэлтэд нилээн хүндрэл учирсан. Энэ сард Ирак Ормузын хоолойгоор дамжуулж өдөрт 2 сая орчим баррель нефть экспортолж байгаа ч энэ нь дайны өмнөх түвшнээс доогуур хэвээр байна.

Иракийн Ерөнхий сайд Али аль-Заиди хэлэхдээ, тус улс Туркийн Ceyhan боомтоор нефтийн экспортоо нэмэгдүүлж, Сирийн Baniyas болон Йорданы Aqaba боомтоор экспортын шинэ гарц нээхээр төлөвлөж байна.

Ирак-Туркийн хоолойгоор одоогоор өдөрт ердөө 170 мянга орчим баррель нефть дамжин өнгөрч байна. Сири рүү шинээр нефтийн хоолой барихад дөрвөн жил шаардагдаж, нийт зардал нь 15 тэрбум ам.доллараас дээш байх тооцоо гарсан.

Тиймээс Ирак өдөрт 8–10 сая баррель нефть олборлох зорилгодоо хүрэхийн тулд олборлолтоо нэмэгдүүлж, экспортын дэд бүтцээ өргөжүүлэх шаардлага тулгарсан.

Ойрх Дорнодын газрын тос экспортлох сувагууд хаагдаж буй энэ үед Хятад улс Иракаас нефтийн худалдан авалтаа нэмэгдүүлж, саяхан Basrah Heavy болон Basrah Medium маркийн нийт 8 сая баррель нефть худалдан авчээ.

Oilprice.com