
О.Дөлгөөн
Azzuro Resources (ASX:AZ9) компани Говь-Алтай аймаг дахь Ямбат болон Майхан Уул төслүүддээ JORC стандартын дагуу анхны хайгуулын зорилтот нөөцийн хэмжээг тодорхойлж, өрөмдлөгийн дараагийн шатны ажлаа эхлүүлэхэд бэлэн болсноо мэдээлэв.
Төслүүдийн үндсэн үзүүлэлт:
-Ямбат төсөл: Магмын зэс-никель-PGE сульфидийн системд 0.3%-0.7% зэс, 0.26%-0.6% никелийн агуулгатай 6-25 сая тонн хайгуулын зорилтот хэмжээг тогтоосон.
-Майхан Уул төсөл: Зэс-алтны VMS системд 0.71%-0.9% зэс, 0.26-0.4г/т алтны агуулгатай 15-30 сая тонн хэмжээг тодорхойлжээ.
Хоёр төслийн дээд хязгаар нийлээд 55 хүртэлх сая тоннд хүрэх боломжтой боловч эрдэсжилтийн тогтолцоо, тооцооллын аргачлал өөр тул тус тусад нь хөгжүүлнэ.
Уг төслүүд хоорондоо ердөө 8км-ийн зайд зэргэлдээ оршдог. Тиймдээ ч үйл ажиллагааны зардлыг багагүй хэмнэх боломжтой хэмээгддэг.
Иймд тус компани өндөр ач холбогдол бүхий биетүүдээ баталгаажуулахаар 14 цооног бүхий 5,835 метрийн алмазан өрөмдлөгийн ажлыг тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн туршилтын хариунууд болон металлургийн анхны судалгааны үр дүнг ирэх 10 дугаар сард танилцуулах аж.