Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Улаан нуур” метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалтын шатанд шилжинэ 

О.Дөлгөөн

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas Holdings (ASX: JGH) компани Өмнөговь аймаг дахь Тавантолгой XXXIII Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” (Red Lake) төслийнхөө ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай Үйл ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг (PDO) Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд  батлуулахаар хүргүүлжээ.

Тус компани 2021 оноос хайгуул, судалгааны ажил гүйцэтгэж, нөөцийн үнэлгээний тайлангаа батлуулан нөөцөө бүртгүүлсний дараа PDO-оо хүргүүлж байна. Төлөвлөгөөнд талбайн хөгжүүлэлт, өрөмдлөг, хий олборлох болон боловсруулах технологи, цооногийн ашиглалт, байгаль орчны менежмент, дэд бүтцийн төлөвлөлтийг тусгажээ.

“Улаан нуур” ордын нэг давхаргаас 11.2 тэрбум шоо футын баталгаат боломжит (2P), 28.0 тэрбум шоо футын боломжит таамаг (3P) нөөц бүртгэгдсэн байна. Судалгаагаар хий агуулсан 6–7 давхарга илэрснээс III давхаргад 98 хувийн метан хийн агууламж тогтоогджээ. Төслийн эхний шатанд 40 цооног өрөмдөж, цаашид 175, бүрэн хэмжээний хөгжүүлэлтийн үед ойролцоогоор 800 цооногт хүргэхээр төлөвлөсөн байна.

Мөн Jade Gas 502 км² талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн саналыг тохиролцсон нь одоогийн 629 км² хайгуулын талбайн 80 орчим хувь юм. Уг талбайд “Улаан нуур”-аас гадна цаашдын нөөц хөгжүүлэх боломжтой Vista, Brownhill талбай багтаж байна.

Тус компани ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2026 оны II хагаст, төслийн бүтээн байгуулалтыг 2027 оны I хагаст эхлүүлэхээр зорьж байна.

Үүний өмнө буюу долдугаар сард Jade Gas Beijing Energy Linking болон консорциумын түншүүдтэй Red Lake төслийн эхний шатны хөгжүүлэлтэд ойролцоогоор 1.1 тэрбум австрали долларын санхүүжилт татах non-binding хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Компанийн мэдээллээр наймдугаар сарын 21-ний байдлаар 21.6 сая австрали долларын бэлэн мөнгөтэй байна.

Одоогоор бүртгэгдсэн нөөц нь тус компанийн нийт нөөцийн 3 хүрэхгүй хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсгийн нөөцийг баталгаажуулах боломжтой гэж үзэж байна.