
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цехэд хүнд даацын өөрөө буулгагч “Komatsu HD 1500-8” загварын найман нэгж авто машинаар парк шинэчлэл хийгдлээ. Япон улсын Комацу брэндийн өөрөө буулгагч автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн технологийн тээврийн засварын хэсгийн байранд болов.
Тус үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж, Комацу брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүх, “Комацу” үйлдвэрийн Дэд ерөнхийлөгч Нишиүра Ясүжи, “Сумитомо” корпорацын Барилга, уул уурхайн системийн стратегийн бизнес хариуцсан ерөнхий менежер Мурофүши Ичиро, “Эс Эм Эс экьюпмент” компанийн Олон улсын бизнес хариуцсан ерөнхийлөгч Кори Моберг болон холбогдох мэргэжилтнүүд, уурхайчдын төлөөлөл оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нээж хэлсэн үгэндээ:
“Монголын уул уурхайн хөгжил дэвшил, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх шинэ цаг үед өнөөдрийн үйл явдал болж буй нь онцлог юм. Энэхүү түүхэн цаг үеийн гэрч болж, бидний хамтын ажиллагаа өргөжиж байна. Олон улсын нөхцөл байдал, цаг үеийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засагт өсөн нэмэгдэж буй зардлыг бууруулах, нөгөө талаар жилээс жилд Эрдэнэтийн-Овооны орд газар, хүдрийн агуулга багасаж байгаатай холбоотойгоор техник, технологийн шинэчлэл хийх, өртөг зардлыг бууруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогыг хэвийн хэмжээнд барих зэрэг тодорхой зорилтын хүрээнд техникийн шинэчлэлийг үе шаттай хийж байгаа юм. Энэхүү шинэчлэлдээ бид дэлхийд тэргүүлж буй, орчин үеийн хамгийн шилдэг техник технологийг нэвтрүүлэхийг зорьж, олон нийтэд нээлттэй тендер зарласан. Уг тендерт Японы Комацу брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Трансвест Монголиа” компани шалгарч, эдүгээ 18 дахь хүнд даацын өөрөө буулгагч авто машиныг бидэнд хүлээлгэн өглөө. Ингэснээр манай үйлдвэр парк шинэчлэлийн төлөвлөгөөгөө 40 хувиар хэрэгжүүлж байна” гэж онцлон тэмдэглэв.

“Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочилж, “Komatsu HD 1500-8” загварын найман авто машинаа хүлээлгэн өгч буйдаа баяртай байна” хэмээн Комацу үйлдвэрийн Дэд ерөнхийлөгч Нишиүра Ясүжи үгийнхээ эхэнд онцолсон. Тэрээр, “Комацу үйлдвэрийг сонгож, бидэнд өндөр итгэл үзүүлэн хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хоёрхон жилийн өмнө эхний ээлжийн хүнд даацын техникүүдээ нийлүүлж байсан бол өнөөдөр дараагийн найман авто машинаа хүлээлгэн өгч, парк шинэчлэлд нь хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна. Манай “Комацу”-гийн техник, тоног төхөөрөмжүүд Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, өртөг зардал бууруулахад дэм тус үзүүлж байгаа нь бидний цаашдын үйл ажиллагааны цар хүрээнд эергээр нөлөөлнө гэж бодож байна. Манай Комацу авто машинууд сүүлийн хоёр жилийн дотор 16 мянган км/цаг ажиллаж, үйлдвэрлэлийн бүтээмжид үр ашгаа өгч байгааг сонсоход таатай байна. Энэ бол ашиглалтын өндөр үзүүлэлт. Үүнд тоног төхөөрөмжөөс гадна танай үйлдвэрийн техник ашиглалтын төлөвлөгөө, засвар үйлчилгээ, ажилтнуудын мэдлэг чадвар, хичээл зүтгэл хамтын хөдөлмөрийн үр дүн том нөлөөлсөн гэж хэлмээр байна. Тиймээс техник ашиглалт, төлөвлөлтийнхөн болон засвар үйлчилгээний хамт олонд тусгайлан талархал илэрхийлье” гэсэн юм.
Дэлхийд чанар, найдвартай ажиллагаагаараа тэргүүлэгч Комацу брэндийн хүнд даацын өөрөө буулгагч 10 техникийг 2024 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэрт нийлүүлснээр тус үйлдвэр, “Трансвест Монголиа” компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Авто тээврийн цехийн үндсэн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлийн хүрээнд дараагийн 8 авто машиныг тус компани, Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгч байна. “Komatsu HD 1500-8” өөрөө буулгагч авто машин хүлээлгэж өгөх ажиллагаа тууз хайчлах ёслолоор үргэлжилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Комацу” үйлдвэрийн Дэд ерөнхийлөгч Нишиүра Ясүжи тэргүүтэй хамтран ажиллагч талуудын төлөөлөл, хүндэт зочид тууз хайчлан, дурсгалын зураг авхууллаа.
Ийнхүү уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Комацу брэндийн 142 тонны даацтай “Komatsu HD1500-8” загварын өөрөө буулгагч найман нэгж автомашиныг амжилттай хүлээн авлаа.

