Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Майхан Уул ордоос 550 метрийн зэс-алтны эрдэсжилт илрүүлжээ

Эх сурвалж: Azzuro Resources

О.Дөлгөөн

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Azzuro Resources" (ASX:AZ9) компани энэ оны эхний шатны өрөмдлөгийн ажлаа өндөр үр дүнтэйгээр дуусгаж, дараагийн шатны судалгаагаа эхлүүлжээ.

Нэгдүгээр шатны өрөмдлөгийн сүүлийн шинжилгээний хариугаар 142.5 метрийн гүнээс таван метрийн 4.92%-ийн зэс, 0.94 г/т алт, 5.05 г/т мөнгөний агуулга илэрсэн байна. Үүний доторх хоёр метрт 11.95%-ийн зэс, 1.99 г/т алт, 11.8 г/т мөнгө бүхий нэлээд өндөр агуулгатай эрдэсжилт тогтоогджээ.

Ийнхүү судалгааны дүнгээр "Майхан Уул" ордын зэс-алтны (VMS) эрдэсжилт 550 метр орчим урттай, гадаргуугаас доош 150 метрийн гүнд үргэлжилж байгаа нь баталгаажсан бөгөөд зүүн, баруун болон гүн рүүгээ цааш тэлэх боломжтой хэвээр байна.

Мөн 49.9 метрийн гүнээс 1.9 метрийн 6.80 г/т алт, 67.30 г/т мөнгөний агуулга илэрчээ. Компани үүнийг өмнө нь тодорхойлогдоогүй шинэ алтны эрдэсжилтийн бүсийн үр дүн гэж мэдээлсэн байна. 

Хоёрдугаар шатны өрөмдлөг эхэлжээ

Azzuro Resources хоёрдугаар шатны өрөмдлөгийн ажлаа эхлүүлсэн бөгөөд эхний ээлжид гадаргад ойр алтны эрдэсжилтийн бүсэд төвлөрч байна. Үүний зэрэгцээ Red Hill төслийн хэмжээнд цооногийн геофизикийн судалгааг эхлүүлж, үндсэн эрдэсжилтийн үргэлжлэлийг нарийвчлан тодорхойлох, баяжуулалтын анхны туршилтуудыг хийж, металл авалтыг тогтоохоор ажиллаж байна.

Майхан Уул төслийн хайгуулын зорилтот хэмжээ нь 15–30 сая тонн бөгөөд 0.71–0.90 хувийн зэс, 0.26–0.40 г/т алтны агуулгатай гэж тооцоолжээ.