
Владивосток хотноо үргэлжилж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр талын эдийн засаг, дэд бүтцийн стратегийн хамтын ажиллагааны талаар чухал яриа хэлэлцээ хийлээ.
Талууд Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, бензин шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хадгалахаас гадна гацсан зарим томоохон төслүүдийг ажил хэрэг болгохоор санал нэгдэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш хэмээн онцолж, өнгөрсөн оны худалдааны эргэлт 4 гаруй хувиар өссөнийг дурдлаа. Түүнчлэн энэ оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ)-ны хоорондын Чөлөөт худалдааны Түр хэлэлцээр нь монгол бараа бүтээгдэхүүнийг тус холбооны зах зээлд гарахад томоохон түгээн дэлгэрүүлэгч болохыг тэмдэглэсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал уг хэлэлцээрийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа биечлэн ахлан батлуулсан бөгөөд манай экспортлогчдод гаалийн тарифын нэн таатай нөхцөл бүрдсэнийг дурдаад, хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд яригдсан тохиролцоонуудыг Засгийн газрын түвшинд шуурхай ажил хэрэг болгохоо мэдэгдлээ.
ДЦС-3, Байгалийн хий, Асгатын уурхай: Бодит шийдэлд хүрнэ
Уулзалтын үеэр талууд яриа хэлэлцээний түвшинд олон жил яригдсан дараах тодорхой төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцов.
Эрчим хүч, түлш: ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэл болон нефтийн бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлт;
Дамжин өнгөрөх тээвэр: Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хийн хоолойн төсөл;
Уул уурхай & Дэд бүтэц: Асгатын мөнгөний уурхайн хамтарсан судалгаа болон Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридорын бүтээн байгуулалт;
Хөдөө аж ахуй: Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтад хамтран ажиллах.
Монголын талаас УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, Элчин сайд Д.Даваа болон Засгийн газрын гишүүд байлцсан бол Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Тээврийн сайд А.С.Никитин зэрэг салбарын сайд нараас гадна “Оросын төмөр зам” ХК, “Росатом”, “Роснефть” зэрэг хамтын ажиллагааны гол цөм болсон корпорацуудын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.