О.Дөлгөөн
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "ТМК Energy Limited" (ASX:TMK) компани Өмнөговь аймаг дахь "Гурвантэс XXXV" төслийнхөө 2026 оны 8 дугаар сарын үйл ажиллагааны тайланг танилцуулав.
Компанийн мэдээлснээр 8 дугаар сард өдрийн дундаж хийн олборлолт үргэлжлэн өсөж, 810 шоо метр/өдөр буюу ойролцоогоор 28,600 стандарт шоо фут/өдөр хүрсэн нь 7 дугаар сарын дундаж болох 778 шоо метр/өдрөөс 4 орчим хувиар өссөн үзүүлэлт болов.
LF-03 цооногийн насосыг солихоор ашиглалтаас түр гаргасан, мөн аянга буусны улмаас цахилгаан тасарч, бага зэрэг үер буусан цаг агаарын хүндрэлтэй нөхцөл тулгарсан ч олборлолтын хэмжээ ийнхүү өссөн байна. Мөн орд газрын хэмжээнд ус олборлолт тогтвортой байж, хоногт 437 баррель хүрчээ.
Гол цооног болох LF-07 цооног дээр усан сангийн даралт буурах тусам хийн олборлолт огцом нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд олборлолтын хэмжээ 50,000 стандарт шоо фут/өдөр-ээс давжээ.
Түүнчлэн Компани 2026 оны ажлын хөтөлбөрөө эхлүүлэхээр "Мэйжор Дриллинг" (Major Drilling) компанитай өрөмдлөгийн гэрээ байгуулж, 3 цооногийг шинэчлэн засварлах захиалгыг өгөөд байна. Шаардлагатай урт хугацааны бараа материалууд одоогоор Монгол руу тээвэрлэгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногуудад талбайд ирж дууссанаар LF-08 шинэ цооногийн өрөмдлөг болон LF-03 зэрэг цооногуудын ашиглалтыг сэргээх ажил эхэлнэ. Ингэснээр хийн олборлолтыг ойрын хугацаанд дахин нэмэгдүүлж, анхны баталгаажсан нөөцийг бүртгүүлэх суурь тавигдах юм.
Мөн хийг эдийн засгийн эргэлтэд оруулах "Хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл" (GPP)-ийн Инженерчлэл, зураг төслийн судалгаа (FEED) дууссан байна. Хамтран ажиллагч "Дашваанжил Групп" ХХК-тай арилжааны хэлэлцээг энэ сард эцэслэн, 10 дугаар сард хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг гаргаснаар төслийг 2026 оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон, “8 дугаар сарын олборлолт 2026 оны 3 дугаар сард тогтоож байсан бүх цаг үеийн дээд амжилтад тун ойртсоныг онцолж, шинэ өрөмдлөг болон дахин боловсруулалтын ажлууд хийн гарцыг улам дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Компани цаашид аль хэдийн илрүүлээд байгаа боломжит нөөцөө баталгаажсан нөөц болгон хувиргах, орд ашиглалтын төлөвлөгөө болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахад үндсэн анхаарлаа чиглүүлж байна” хэмээв.