
Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 9-ний ээлжит хуралдаанаар Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах болон татан буулгах тухай тогтоол баталлаа.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм. Тогтоол батлагдсанаар төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг улсын төсвийн санхүүжилтээс гаргахаар болжээ. Ингэснээр удирдлага, захиргаа болон үйлчилгээний давхардсан орон тоог оновчилж, цалин болон бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм.
Нэгтгэх болон татан буулгах арга хэмжээнд хамрагдаж буй 25 байгууллага нь 2025 оны байдлаар нийт 2,162 ажилтантай, жилийн 73.2 тэрбум төгрөгийн цалингийн сантайгаар үйл ажиллагаа явуулж байжээ. Эдгээр байгууллагуудын байр ашиглалт, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи, тээвэр болон бусад захиргааны чиг үүргийг төвлөрүүлснээр төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэж тооцож байна.
Судалгаанаас харахад 2025 оны тайлангаар төрийн өмчит үйлдвэрийн 65 газар нийт 7,030 ажилтантай ажилласнаас 26 нь үйл ажиллагааны орлогоороо зардлаа бие даан санхүүжүүлж, үлдсэн 39 байгууллага нь улсын төсвөөс 153.1 тэрбум төгрөгийн татаас авсан байна. Цаашид төсвийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтцийг оновчтой болгосноор төсвийн ачаалал үе шаттайгаар буурах юм.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар