Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

АРВАН ЖИЛЭЭР УРАГШЛУУЛСАН ОЮУ ТОЛГОЙН АНХНЫ НОГДОЛ АШИГ 3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭМЖИГДЭВ

Б.Төгсбилэгт


Монгол улсын зэсийн баяжмалын экспорт энэ жил дээд амжилт тогтоож бараг 10 тэрбум ам.долларт хүрэх төлөв тодорч байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Оюу толгойн татвар хураамжийн хэмжээ анх удаагаа 1 тэрбум ам.доллар давах дүр зураг тодорлоо. Оюу толгой төслөөс анхны ногдол ашиг авах хөрөнгийн хэмжээг Засгийн газраас урьдчилсан байдлаар тодорхойлж (2026.09.01) мэдээлэл хийсэн нь наадмаас хойш олон нийтийн дунд хүлээгдээд байсан асуултад хариулт болж чадлаа.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан ийн мэдэгдэв. Тэрээр “2026 оны 6 дугаар сард Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч болох Рио Тинто групптэй Засгийн газар хэлэлцээр хийсэн. Зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг шийдвэрлэх ажлын хэсгийг сангийн сайдын хувьд ахалж ажилласан. Энэ ажлын хүрээнд Засгийн газар Рио Тинто групптэй тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү sofr + 6.5% байсныг sofr + 4% болгон бууруулсан. Мөн санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг 7 жил байсныг хөрөнгө оруулалтын гэрээнд 3 жил болгон өөрчлөхөөр болсон. Түүнчлэн 2026 онд Оюу толгой төслөөс ногдол ашиг авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2026 онд багтааж Оюу толгой төслөөс Монголчууд маань анхны ногдол ашгаа хүртэнэ. Энэ чиглэлээр Засгийн газар ажлын хэсэг гарган ажиллаж байна. 2027 оны улсын төсөвт Рио Тинто групптэй хэлэлцээр хийсний үр дүнд Оюу толгой төслөөс авах ногдол ашгийг төсөвлөж оруулсан. Ногдол ашгийн хэмжээг хамгийн багаар буюу 3 их наяд төгрөгөөр төсөвлөж оруулсан. Эндээс 2 их наяд төгрөгийг нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, үлдсэн 1 их наяд төгрөгийг хуримтлалын сангаар дамжуулан иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотект олгохоор Засгийн газар хуулийн төслийг төсвийн хуультай хамтаар өргөн барьсан” гэв.

Уг үйл явдлыг Ерөнхий сайдын зүгээс Оюу толгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирч, Монголчууд ногдол ашгаа хүртэх хорин жилийн дуусаагүй яриаг дуусгана хэмээн тодорхойллоо.

Оюу толгой төслийн хувьд анхны баяжмалаа экспортолж эхэлсэн нь 2013 он бөгөөд ийнхүү уурхайн борлуулалт эхэлснээс хойш 13 жилийн дараа ногдол ашиг олгохоор болж буй нь ихээхэн тэмдэглэлт үйл явдал боллоо. 2022 онд Монгол Улсын Засгийн газрын Оюу толгой дахь 34%-ийн эзэмшлийн өр төлбөрийг бүрэн тэглэсэн бөгөөд энэ нь чухамдаа ногдол ашиг хүлээн авах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Хэрэвзээ Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын зардлыг гагцхүү бүрэн нөхөж дуусахад анхны ногдол ашгийг хүртээнэ гэсэн хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл заалтаар бол манай улс 2037 оноос ногдол ашиг авч эхлэхээр байв. Ийнхүү ногдол ашиг авах хугацааг наашлуулах хугацааны тохироо нь сүүлийн жилүүдэд Оюу толгой компанийн борлуулалтын орлого үлэмж нэмэгдэж, үүнийгээ дагаад ашгийн хэмжээ нь өсөж буйтай холбоотойгоор нэгэнт бүрэлдээд байсан юм.

Тодруулбал 2026 оны байдлаар Оюу толгой компани зэсийн баяжмалын экспортоос үндсэндээ 8 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, чөлөөт мөнгөн урсгал буюу ашгийн хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг шинжээчид өгөөд байгаа билээ.

Харин Оюу толгой компанийн зүгээс оны эхний үеийн байдлаар харьцангуй даруухан таамаг дэвшүүлсэн байсан бөгөөд нийт 5.5 тэрбум ам.долларын орлого олж 2.6 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг бүрдүүлж ажиллах төлөвтэйг мэдээлж байсан юм. Харин одоогийн байдлаар компанийн төлөвлөгөө хол давж биелэх нь гарцаагүй болоод байна.

Оюу толгой компаниас ногдол ашиг авах тухай ирэх оны төсвийн танилцуулгад ийн дурджээ.

“Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний хүрээнд санхүүжилтийн зардлыг бууруулах, ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах чиглэлээр харилцан тохиролцоонд хүрсэн нь Монгол Улсын хүртэх бодит өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна...Оюу толгой төслөөс Монгол Улсын төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 2,000.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо...Оюу толгой төслөөс төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 1,000.0 тэрбум төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлэхээр тооцож байна” гэжээ.

Эргэн сануулахад анх энэ оны 3 дугаар сарын 9-нд өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй төлөөлөлтэй уулзахдаа ногдол ашгийг энэ оноос эхэлж авах тухай илэрхийлж байсан. Улмаар Н.Учралын Засгийн газар өмнөх ерөнхий сайдын бодлогыг тууштай баримтлан ажилласан нь ийнхүү үр дүнгээ өгч ногдол ашиг авах мөрөөдөл биеллээ олж байна.

Одоо харин хэмжээний хувьд хэд хэдэн асуудлыг тодруулах хэрэгтэй. Оюу толгой компанийн хувьд зөвхөн АМНАТ болон бусад төрлийн татвараар жил бүр тогтмол 600 сая ам.долларын татвар хураамж төсөвт төвлөрүүлэх төлөв тодроод буй юм. Тэгэхээр 800 гаруй сая ам.долларын ногдол ашгийг оруулж тооцвол тус компанийн төсөвт төвлөрүүлэх нийт дүн 1 тэрбум ам.доллар хол давах тооцоолол гарч байна. Ингэснээр Рио Тинто компанийн хувьд томоохон ордыг ашиглаад маш бага татвар төлж байна гэх шүүмжлэлээс өөрийгөө хамгаалж чадлаа гэсэн үг.

Гэхдээ Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалангийн тайлбараар бол манай улсын ногдол ашиг одоогийн нөхцөлд 1.3-1.4 тэрбум ам.доллароор хэмжигдэх боломжтой. Эндээс үзэхэд манай улс нийт авах ёстой ногдол ашгийнхаа 60% ийг авч буй гэсэн үг болж байна.

Рио тинто компанийн хувьд Оюу толгой компанид хамаарах томоохон зээлийг эргэн төлж, хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаагүй байгаа тул ногдол ашиг олгох хэмжээг тултал өсгөж чадаагүй нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр ногдол ашиг олгосонтой зэрэгцэн төслийн хувьд тодорхой хэмжээнд хүүгийн зардал өсөж, зээлийн эргэн төлөх хугацаа хойшлохтой холбоотой тооцоолоогүй бусад үр дагаврууд үүсэх, арбитрийн шүүх дээр Монгол Улсад ашиггүй шийдвэр гарч болзошгүй зэрэг дараагийн үйл явдлууд тодорхойгүй байна. Гэсэн ч ногдол ашиг анхлан хүртэхээр болж буй нь яах аргагүй сайшаалтай үр дүн мөн. Уг үйл явдалтай холбоотойгоор Рио Тинто компанийн хувьцааны ханшид доошлох хөдөлгөөн ажиглагдахгүй байгаагаас үзэхэд хөрөнгө оруулагчид энэхүү алхмыг сөргөөр хүлээж авахгүй байгаа бололтой.

Нөгөөтэйгүүр Оюу толгойн ногдол ашгийг ард иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тараахаас илүүтэйгээр дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөр болон хуримтлалын сангаар дамжуулан иргэн бүрийн дансанд хуваарилахаар байна. Гэхдээ Засгийн газар иргэдээс зарцуулалтын хувилбарыг асууна гэдгээ дуулгасан. Өөрөөр хэлбэл иргэдэд сонгуулийн жилийг угтуулан оноо авах үүднээс хуваарилалтыг бэлэн мөнгө хэлбэрт тодорхой хэмжээнд шилжүүлэх магадлал бий. Үүнээс гадна ногдол ашиг авах хэмжээг эцэслэн тогтож зарласны дараа Оюу толгойн өгөөжийн дийлэнх нь Монголын талд очиж чадаж буй эсэхэд мөн хариулах шаардлага Засгийн газар болон Рио Тинтод зүй ёсоор үүснэ.