Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

"Камминс Монголиа Инвестмент" ХХК 15 жилийн ойгоо тэмдэглэн, ирээдүйн ногоон технологийн зорилтоо танилцууллаа

О.Дөлгөөн


Дэлхийн хөдөлгүүр болон эрчим хүчний технологийн шилдэг компани болох Cummins Inc.-ийн Монгол Улс дахь цор ганц албан ёсны дистрибьютер "Камминс Монголиа Инвестмент" ХХК өнөөдөр (2026.09.11)  үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баяраа тэмдэглэлээ.

"Камминс Монголиа" ХХК нь 2011 оноос хойш Монголын зах зээлд 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эх орныхоо өнцөг бүрт 9 үйлчилгээний салбар байршилтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн олон улсын стандартад нийцсэн Мастер сэргээн засварлах төвийг (MRC) эх орондоо нэвтрүүлснээр 150 гаруй үндэсний инженер, техникийн ажилтнуудыг олон улсын түвшинд бэлтгэн ажиллуулж байгаа юм.

Арга хэмжээний үеэр тус компанийн гол харилцагчдын нэг "Трансвест Монголиа" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүх:

"Манай хоёр байгууллага Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа том тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэн нэгдмэл нэг баг шиг ажилладаг. "Трансвест Монголиа" 17 жил, "Камминс Монголиа" 15 жил үйл ажиллагаа явуулахдаа Монголын 600 гаруй шилдэг инженер, техникийн ажилтнуудыг ажлын байраар хангаж байна. Энэ нь цаана нь 3,000-4,000 монгол хүний аж амьдрал, нийгмийн хэрэгцээнд оруулж буй бодит хувь нэмэр юм. Өнгөрсөн 15 жилд бид хамтдаа өсөлт, хөгжлийн түүхийг бичсэн бол ирээдүйн 15 жилд илүү шинэлэг технологи, дижитал цахим хөгжил болон байгаль орчинд ээлтэй ногоон шийдлүүд дээр хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна." хэмээв.

"Камминс Монголиа Инвестмент" ХХК нь дараагийн жилүүдэд уул уурхайн салбарын нүүрстөрөгчийн саармагжуулалтад чиглэсэн "First Mode" хайбрид цахилгаан технологи, "Preventech™" дижитал оношилгооны систем болон биодизель, цахилгаан-батарейн хосолмол шийдлүүдийг Монголын хөрсөнд улам бүр нэвтрүүлэн, салбарынхаа тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэн манлайлахаа илэрхийллээ.