Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

З.ГАН-ОЧИР: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАР ХӨГЖЛИЙН ШАТАНДАА ЯВАА Ч ӨРСӨЛДӨХ ЧАДВАР СУЛ БАЙНА

“MiningWeek & MinePro 2026” Монголын эрдэс баялгийн салбарын Олон улсын чуулга  уулзалт уламжлал  ёсоор 9  дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Налайх дахь Тайж хайрханд болно. Энэ жилийн чуулганы онцлог болон уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар МУУҮА-ийн Зөвлөлийн дарга, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч З.Ган-Очиртой MMJ-ийн сэтгүүлч А.Халиун ярилцлаа.

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

- Таныг МУУҮА-ийн Зөвлөлийн даргаар сонгогдоод удаагүй байгаа энэ үед Монголын төдийгүй олон улсын нэр хүндтэй эрдэс баялгийн салбарын гол төлөөллүүд нэгэн дор цуглардаг "MiningWeek & MinePro 2026" чуулга уулзалт болох гэж байна. Энэ удаагийн Mining Week-2026 ямар онцлогтой байх вэ?

Би МУУҮА-ийн Зөвлөлийн даргаар өнгөрсөн 7 дугаар сард сонгогдсон. МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нарын манлайллаар уул уурхайн салбар дахь МУУҮА-ийн үйл ажиллагаа сүүлийн 4-5 жилд маш идэвхтэй, тогтвортой байлаа. Салбарын оролцогч талуудын хариуцлага, уул уурхайн салбарын ойлголтыг нийгэмд түгээх, дэлхийн уул уурхайн стандарт, кодексыг Монголд нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх чиглэлээр эрчимтэй ажилласан. Цаашид ч бүтээлч санал санаачилга, идэвхтэй оролцоог чухалчилж, хийсэн бүтээсэн ажлаараа салбартаа нэгэнт танигдсан эдгээр хүмүүс маань салбарын хөгжилд үйл ажиллагааraa цаашид үргэлжлүүлнэ. Бид бүхэн хамтарч ажиллана. Миний хувьд МУУҮА-ийн үйл ажиллагаа тогтворжсон үед энэхүү удирдах үүргийг хүлээж байна. Цаашид ч тогтвортой үйл ажиллагаа явуулах, байгууллагын хувьд илүү институтчлэх, олон нийтэд бодит мэдээлэл хүргэх, уул уурхайн салбарт тулгамдаж байгаа бодлогын асуудлууд болон тус салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг ААН-үүдэд тулгамдаж байгаа саад бэрхшээл, хууль, эрх зүйн орчны шийдэл зэрэг хүлээгдэж буй олон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллана.

Монголын уул уурхайн салбарт баримтлах нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалт, дэлхийд танигдсан техник технологитой танилцах, хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэх, мэдээлэл мэдлэг солилцох боломжийг бүрдүүлдэг "Mining Week" чуулган зохион байгуулагдаад олон жил болсон учир ерөнхий загвар, үйл ажиллагаа нь нэгэнт жигдэрч, тогтворжсон. МУУҮА чуулганы үндсэн зохион байгуулагчдын нэг. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалттай компани нөгөө талдаа бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид. төрийн байгууллагууд, уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дор цуглаж, салбарынхаа цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлаа ярилцдаг, шийдэл гарц эрэлхийлдэг стратегийн нэгдсэн платформ болон өргөжсөн байна.

Энэ жилийн хувьд дэлхийн эдийн засгийн чиг хандлага, эдийн засгийн өсөлтийн нэг гол хүчин зүйл болох эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний зах зээл хаашаа чиглэж байна, энэхүү өөрчлөлтөд бид ямар бэлтгэлтэй байна вэ, цаашид ямар байр суурьтай оролцох вэ гэсэн бодлогын асуудлуудаа ярилцана.

"Дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага, нарийн техник технологи нэвтрүүлж буй улс орнуудын өрсөлдөх чадвар хэрхэн нэмэгдэж байгаа, бид өрсөлдөөний хаана явж байна, хэрхэн яаж оролцох вэ" гэсэн асуултад хариулт өгч, салбарынхаа хөгжлийн цаашдын чиг хандлагыг хамтаараа ярилцах зорилготой чуулган байх болно.

MiningWeek-2026 чуулганы үеэр салбарын нэгдсэн бодлогын асуудлыг ярилцахаас гадна энэ салбарын ололт амжилт, шинээр нэвтэрч буй техник технологиуд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, орон нутгийнхан тэдэнд тулгамдсан асуудлууд гэх мэтээр олон талт сэдвийг хэлэлцэнэ. Үндсэн чуулган болон салбар хуралдаанууд зөвхөн манай салбарынханд бус олон нийтэд ч нээлттэй явагддаг. Чуулганы гурав дахь өдөр "Ирээдүйн инженерүүд" хөтөлбөрөө оюутнууд, уул уурхайн салбарыг сонирхож буй залуучуудад танилцуулах тул иргэд олон нийтийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

- Манай улсын уул уурхайн салбарын хөгжил өнөөдөр ямар түвшинд байна вэ?

Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, технологийн шинэ шинэ чиг хандлага нэвтэрч, хөгжлийн боломжууд харагдаж байна. Уул уурхайн салбарынхан бүхий л үйл ажиллагаандаа орчин цагийн шийдлүүдийг тусган, эрдэс баялгийн салбар хөгжлийн шатандаа яваа гэж би хардаг. Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар дэлхийн бусад оронтой харьцуулахад сул байгаа боловч цаашид илүү хөгжих, байр сууриа ахиулах нөөц бололцоо бүрэн бий. Боломжоо бүрэн дүүрэн ашиглахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй.

- Дэлхий дахинаа эрчим хүчний салбарын шинэчлэл өрнөж, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж байна. Дээрх шилжилтэд манай улсын уул уурхайн салбар ямар байр суурьтай байна вэ?

Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр салаа замын уулзвар дээр ирээд байна. Энэ үед бид хоёр зүйлийг анхаарах ёстой. Нэг нь, дотооддоо эрчим хүчний ямар эх үүсвэр байгааг тооцоолж, үүгээр хэрэглээнийхээ аюулгүй, бие даасан байдлыг хангах ямар арга замууд байгааг олж харах хэрэгтэй.

Хоёр дахь нь, уламжлалт зах зээл буюу нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг түлшний хэрэглээний дэлхийн зах зээлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд өнөөдрийн геополитикийн үйл явц урт хугацаандаа зах зээлд ямар бүтэц хандлагын өөрчлөлт авчирч байгааг мэдэрч, оновчтой шийдэл гаргах ёстой.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны хэрэглээний 25% нь нэвтэрч, дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэгчдэд хүрч байна. Америк, Ираны зөрчил урт хугацаанд үргэлжилж, хэвийн байдалд хэзээ шилжих нь тодорхойгүй байна. Тодорхойгүй байдал урт хугацаанд үргэлжлэх тусам нефтийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүснэ. Улс орнууд газрын тосны дутагдлыг нөхөх, цаашдаа ийм хараат байдлын эрсдлээс сэргийлэх өөр өөрийн шийдлийг эрэлхийлж, арга замаа хайж байна. Тэрхүү шийдлүүд нь манай улсад хэрхэн нөлөөлөх вэ, Монгол Улс хэдийгээр Ормузын хоолойгоор шатахуун авдаггүй ч манайд экспорт хийдэг улс орнуудад дам нөлөө мэдрэгдэх нь дамжиггүй.

Нөгөө талаас энэ дутагдлыг нөхөх урт хугацааны технологийн шийдлүүдийг эрэлхийлж, нэвтрүүлэх нь зүй ёсны хэрэг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний болон цөмийн эрчим хүчний шийдлүүдийг хөгжүүлэх, магадгүй нүүрсний хэрэглээ эргээд өсөхийг үгүйсгэхгүй.

Үүнд манай уул уурхайн салбар хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ажиглаж, дүгнэлтээ хийсний дүнд энэ зах зээлд ямар үүрэг оролцоотой байхаа тодорхойлж, түүнд нийцсэн бодлогын өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийх ёстой болов уу.

- Эрчим хүчний шилжилтийн чиг хандлагыг харж, энэ шилжилтийн нэг оролцогч нь болох боломж манай улсад бий юу?

Дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийн чиг хандлагаас харахад бидэнд хэд хэдэн давуу тал бий. Эрчим хүчний шилжилтийн технологийн тэргүүлэх шийдлүүдийг манай хөрш БНХАУ нэвтрүүлж байна.

Тэгэхээр тэр шийдлүүдийг хөрш зэргэлдээ Хятад улсаас авч нэвтрүүлэхэд газар нутгийн хувьд ойр байгаа нь манай давуу тал. Гэхдээ том зургаар нь авч үзвэл эрчим хүчний шилжилтийн бодлогоос манай улс хоцорч явна. Эрчим хүчний яамны хэрэгжүүлж буй бодлогыг харахад манай улс эрчим хүчний шилжилт рүү чиглэх алхмуудыг зөвхөн сүүлийн нэг жилд л хийж эхэлж байна.

Богино хугацаанд оновчтой шийдэл гаргаж, хурдтай ажиллавал хоцрогдлоо хурдан нөхөх боломжтой.

- Монгол Улс нүүрсэнд түшиглэсэн эдийн засагтай. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөнөөр өнгөрсөн онд зэсийн баяжмалын экспортын орлого нүүрснийхийг давлаа. Тэгэхээр манай улсын хувьд ирээдүйд найдлага тавьж болох ашигт малтмал Таны бодлоор аль нь вэ?

Зэс гэж хэлнэ. Мөн алт буюу үнэт металын зах зээл ирээдүйтэй. Манай улс уул уурхайд түшиглэсэн, тэр дундаа нүүрснээс хараат эдийн засагтай. Тэгэхээр манай улс экспортын бүтээгдэхүүнээс олох орлогоо эхлээд төрөлжүүлэх нь зөв. Үүний гол төлөөлөл нь зэс. Оюутолгойн олборлолт өнгөрсөн жилд нэмэгдэж, 300 мянган тонныг давлаа. Ирэх 3-4 жилд Оюутолгой жилд 450 мянган тонн зэсийн экспорт хийж, экспортын орлогыг солонгоруулах боломж бий.

Үүн дээр уул уурхайн экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсын уул уурхайн салбарт хайгуулын салбар нь хоцорч явна. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ордыг олно гэдэг олон хүний оюуны чадамж, технологийн шийдэл, хөрөнгө оруулалт, 10-20 жилийн уйгагүй хүч хөдөлмөр шаарддаг ажил. Энэхүү ажлыг сүүлийн арваад жил орхигдуулсаны горыг бид өнөөдөр амсаж байна. Эдийн засгийн хувьд таатай энэ цаг үед "Нүүрс, зэсээс өөр дараагийн эрдсийн нөөц, томоохон орд нь энэ байна" гэж хэлэхэд учир дутагдалтай байна.

- Та газрын ховор элементийн талаар ярьж байна уу?

Газрын ховор элемент нэг төрөл нь мөн. энэ тал дээр олборлолтоос гадна ахисан түвшний боловсруулалтын дараагийн үе шатыг хөгжүүлэх боломж бидэнд бий. Геополитикийн өнөөгийн нөхцөлд чухал ач холбогдолтой ашигт малтмал мен.

Энэ салбарт уламжлалт хайгуулын судалгаанд тулгуурлан цаашид хөгжүүлж буй хэд хэдэн төсөл бий.

Тэр төслүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь дээрх компаниудын үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Үүнийг бид яаралтай шийдэж, давж гарах ёстой. Орон нутгийн иргэд, иргэд олон нийт маань уул уурхайн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Үнэн, худал нь нотлогдоогүй, санаатайгаар мушгин гуйвуулсан үй олон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж, иргэд хэрэгтэй мэдээллээ ялгаж, шүүн тунгаахад хүндрэлтэй байна. Тэгэхээр тал талын оролцоо чухал. Салбараа зөв ойлгуулах нь манай салбарынхны үүрэг, төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, олон нийтэд зөв танилцуулах, эдийн засгийн голлох тулгуур салбарыг гацаахгүй авч явах нь төрийн байгууллагынхны үүрэг. Нийгэм, эдийн засагт тустай мэдээллийг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо ч мен чухал. Олон талын хамтын ажиллагааны үр дүнд нийтээрээ хэлэлцэж байж л шийдэлд хүрнэ.

- Энэ жилийн Mining Week-д гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хэрхэн оролцох вэ? Тэдний оролцоог нэмэгдүүлэх, таатай орчныг бүрдүүлэх тал дээр ямар шинэлэг ажлууд санаачилж байна вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, хөрөнгө оруулж байсан үе бий. Гэхдээ Өнөөдөр манай эдийн засаг тэлж, дотоодын хөрөнгө оруулагчид идэвхтэй ажиллаж байна. Засгийн газар бонд гаргахад дотоодын компаниуд бондыг худалдан авч байна. Компаниудын бондыг иргэд, хадгаламж эзэмшигчид сонирхон авч байна. Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд хөгжиж, хадгаламж бий болж, эдийн засгийн хувьд тогтвортой байдал бэхжиж байна.

Гэхдээ цаашид гадны хөрөнгө оруулалт татах бодлогыг үргэлжлүүлэх нь гарцаагүй. УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж байна. Хууль батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна.

Бид салбарынхаа бодлогыг гадаад, дотоод очсон газартаа сурталчилж ажилладаг. Хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж, уулзаж ярилцаж байна. Монгол Улс уул уурхайн салбарын холбогдох хууль, эрх зүйн орчиндоо ямар өөрчлөлт оруулах бол гэсэн хүлээлттэй байна. Мэдээж түүхэн үе буюу 2009-2011 оны түвшинд хүрэхэд хол байна.

Ялангуяа бүс нутгийн хэмжээнд, Төв Азийн орнуудтай харьцуулахад манай улсын уул уурхайн салбарын бодлого илүү хаалттай, ялангуяа татварын орчны өрсөлдөх чадвар сул хэвээр байна. Тиймээс нэгдсэн бодлого, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж, илүү боловсронгуй, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж чадвал уул уурхайн салбар тогтвортой хөгжих суурь нь бүрдэнэ.

- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд МУУҮАссоциаци ямар байр суурьтай байна вэ?

Хуулийн төсөлд хайгуулын үйл ажиллагааг нээлттэй болгох, АМНАТ-ийг бодитой тогтоох, орлогыг орон нутагт нь илүү хүртээмжтэй хуваарилах, чухал ашигт малтмалын чиглэлээр хэрэгжүүлэх төрийн бодлогыг илүү оновчтой, нээлттэй болгох зэрэг чиглэлээр саналуудаа өгсөн.

Эдгээр нь зайлшгүй тусгах ёстой зохицуулалтууд. Бид энэ саналыг өмнөх дөрвөн сайдын үеэс эхлэн удаа дараа танилцуулж байсан. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн чухал заалтууд учраас салбарынхны хувьд ч хүлээлт өндөр байна.

- Чухал ашигт малтмалын чиглэлээр чухам ямар саналтай байна вэ?

Чухал ашигт малтмалын тал дээр ассоциаци нэг л байр суурьтай байдаг. Чухал ашигт малтмалыг "чухалчилж" авч үзээд, "дэлхийн зах зээлийн нийлүүлэлтэд тодорхой байр суурь эзлэх нь зүйтэй", гэхдээ хандлагаа өөрчлөх нь чухал. Дэлхийн зах зээлд шинээр үүсэж байгаа ханган нийлүүлэлтийн сүлжээнд өрсөлдөөн ширүүсч байна. Зах зээлийн тэлэлтийн шинэ орон зайд нэвтрэхийн тулд улс орнууд бодлогоороо өрсөлдөж, хайгуул, олборлолт, дараагийн шатны боловсруулалтыг бодлогоор дэмжиж, энэ салбарт байр сууриа бэхжүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Ийм цаг үед бид улс орнуудтай төстэй бодлого явуулж байж баялгаа эргэлтэд оруулж, эдийн засгаа солонгоруулна. Хаалттай бодлого явуулах вий гэж бид болгоомжилдог.

Нөгөө талаас газрын ховор элементийг боловсруулах, цэвэршүүлэх чиглэлд   БНХАУ тэргүүлж байна. Манай улс ханган нийлүүлэлтийн сүлжээнд хэрхэн оролцохоо тодорхойлж, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх ёстой. Шинээр бий болж буй энэ зах зээлд оролцогч болж чадвал уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо солонгоруулах нэг боломж төдийгүй манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Ирээдүйд нүүрсний зах зээл шууд хаагдахгүй нь лавтай. Хэрэглээ ор тас зогсохгүй ч, экспортын өсөлт урт хугацаандаа саарч болох юм. Өсөлт саарвал үнэ ханшид хэрхэн нөлөөлөхийг өнөөдөр хэлэхэд арай эрт байна. Дэлхийн чиг хандлага нэгэнт тодорхой болсон энэ үед зах зээлд эрэлт нэмэгдэж буй түүхий эдийг эргэлтэд оруулахын тулд цаг алдалгүй ажиллаж эхлэх нь зөв.

Улаанбаатар хотноо болсон СОР17 хурлаар уул уурхайн асуудлыг анх удаа хөндөж ярилцлаа.

Уул уурхайн компаниуд цөлжилттэй тэмцэхэд 5000 га газар заг мод тарих амлалт өгсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цөлжилтийг бууруулахад уул уурхайн салбарынхан манлайлан ажиллана гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө.

Тийм ээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг Монголын уул уурхайн салбарынхан дэмжиж, хамтарч ажилласан. Уул уурхайн компаниудойжуулах, цөлжилтийг бууруулах, шинэ технологи нэвтрүүлж усны хэрэглээг илүү багасгах чиглэлээр санаачилгатай ажиллаж ирсэн. Зөвхөн олборлолт хийгээд орхидог биш, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд анхаарч байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг уул уурхайн компаниуд дэмжиж, хөдөлгөгч гол хүч болж хамтран ажиллаж байна. Салбарын хариуцлага улам сайжирч, бусад оролцогч талуудтай харилцан итгэлцлийг бий болгох чиглэлд ахиц гарч байна.

Байгаль орчны доройтол, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах шийдлийн нэг хэсэг болох нэн шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийг дэлхийн уул уурхайн салбар нийлүүлж байна. Энэ нь байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ирээдүй хойч үеийнхээ төлөө хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн эрчим хүчний ногоон шилжилтийн шийдлийн нэг хэсэг нь юм.


Баярлалаа!