
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэлийг хүлээн авч уулзан, шинэ ажилд нь амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
УИХ-аас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар салбарын эрх зүйн орчин илүү боловсронгуй болсон билээ. Энэ хүрээнд бизнесийн болон мэргэжлийн төлөөллүүдийг нэгтгэсэн тус холбоог өнгөрөгч долдугаар сард байгуулж, Г.Батцэнгэлийг ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Уулзалтын үеэр талууд эрдэс баялгийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүнд:
Төсөл, хөтөлбөрүүдэд тооцоо судалгаа, шинжилгээ хийх, инновац болон дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх;
Эрдэс баялаг, аж үйлдвэржилтийн салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн зөвлөмж боловсруулах;
Геологи, хайгуулын төсөл, уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийж, сайжруулах зөвлөмж гаргах;
Тогтвортой уул уурхайн зарчим болон олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэг багтаж байна.
Салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад мэргэжлийн холбооны шинжлэх ухаанч байр суурь чухал болохыг уулзалтын үеэр талууд онцолж, хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэжээ.