
О. Дөлгөөн
“Mining Week & MinePro 2026” олон улсын чуулга уулзалт есдүгээр сарын 17-нд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр чуулганы танхимуудад уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, хайгуул, нүүрсний зах зээл, эрчим хүч, технологийн асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ MinePro үзэсгэлэнгийн талбайд компаниуд бүтээгдэхүүн, техник, технологийн шийдлүүдээ танилцуулж байв.
Хоёр дахь өдрийн хөтөлбөрт хайгуулын салбарын хөгжлийг эрчимжүүлэх асуудал онцгой байр суурь эзэллээ. Төрөөс хайгуулын салбарыг идэвхжүүлэх, шинэ нөөц тогтоох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, салбарын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн Монголын уул уурхайн төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалт зохион байгуулагдав. Энэ үеэр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц төслүүдийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсад уул уурхайн шинэ төслүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлийн талаар хэлэлцсэн байна.
Нүүрсний салбарын хувьд олборлолт, экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулах чиглэлд анхаарах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн нүүрсний уурхайг түшиглэн дата төв байгуулах боломжийг судалж байгаа талаар танилцуулсан нь хоёр дахь өдрийн онцлох мэдээллийн нэг байв. Энэ нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц болон технологийн салбарыг уялдуулах шинэ боломжийг эрэлхийлж буйг харуулж байна.
Өдрийн хөтөлбөрт уул уурхай, эрчим хүчний салбарын ирээдүйн уялдаа мөн чухал сэдэв байлаа. Уул уурхайн томоохон төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангах, шинэ эх үүсвэрүүдийг бий болгох, сэргээгдэх эрчим хүч болон технологийн шийдлийг уул уурхайн үйлдвэрлэлтэй уялдуулах талаар хэлэлцүүлгүүд өрнөв.
Харин MinePro үзэсгэлэнгийн хэсэгт Монголын болон олон улсын компаниуд уул уурхайн олборлолт, боловсруулалт, техник тоног төхөөрөмж, автоматжуулалт, дижитал технологи, байгаль орчны шийдлүүдээ танилцуулж байлаа. Үзэсгэлэнгийн талбайд салбарын мэргэжилтнүүд, компаниудын төлөөлөл уулзаж, шинэ бүтээгдэхүүн, технологийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлж байсан юм.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх уул уурхайн салбарын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний гүйцэтгэх үүргийн талаар илтгэл тавьж, тус компанийн мэргэжилтнүүд уул уурхайн үйлдвэрлэлд ашиглаж буй технологи, туршлагаасаа хуваалцав.
Ийнхүү “Mining Week & MinePro 2026”-ийн хоёр дахь өдөр хайгуул, хөрөнгө оруулалт, нүүрсний салбарын ирээдүй, эрчим хүчний шилжилт болон уул уурхайн шинэ технологигэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд үргэлжилж, салбарынхан бодлого, төсөл, технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
Чуулга уулзалтын гурав дахь өдөр буюу өнөөдөр арга хэмжээ үргэлжилж, Уурхайчдын наадамзохион байгуулагдахын зэрэгцээ MinePro үзэсгэлэн болон салбарын уулзалт, хэлэлцүүлгүүд үргэлжилнэ.