Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ТӨСӨӨЛЛИЙН САЛХИНД ТУУГДСАН ТӨСӨВ

Б.Төгсбилэгт


НҮҮРС ДАГАСАН ЗАМНАЛ

Нүүрсний салбар нь 2010 оноос эхлэн огцом өсөлтийг үзүүлж ирснээр өдгөө Монголын экспортод тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон. Зарим жилүүдэд нүүрсний экспорт даруй 2-3 дахин нэмэгдэж байж эдийн засгийн өсөлтийн эрчим ордог. Гэхдээ энэ явцад төсөв ч бас дагаад гайхалтай хэмжээгээр тэлдэг үзэгдлийг бид мэднэ. Эдийн засаг тогтвортой, жигд өсөлтөд дуртай. Төсвийн тухайч мөн ялгаагүй, огцом өсөлтийн хөдөлгөөнд төдийлөн дуртай биш. Учир нь энэ тохиолдолд ихэнхдээ төсвийн огцом алдагдал, инфляц отож байдаг логик бий. Засгийн газар үргэлж зарлагыг тэлэх хүсэл эрмэлзэл өвөртөлсөөр ирсэн нь 2022 оноос илт сэдэрч болсон. Угтaa манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш нүүрсний экспортын орлогог их тэлэлтийн гурван цикл явагдсан гэж үзэх болох бөгөөд энэ нь эдийн засгийн огцом өсөлт, эсвэл өсөлтийн хурд саарах үйл явцын цадах гол шалтгаан болж иржээ. Нүүрсээр халхавчлан зах зээлийг хялбарчилж тайлбарлах нь утгагүй санагдаж болох ч нүүрсний их өсөлт нь гагцхүү ДНБ-ий өсөлт бус, мөн улстөрчдийн үрэлгэн занг улам бүр өдөөж үр дүнд нь төсвийн зарлага тэлж, улмаар төсвийн алдагдал руу хөтөлсөөр ирсэн нь энэ жил илүү тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл нүүрсний салбар байнгын савлаж, үнэ ханш өсдөг, бас буурдаг. Харин энэ явцад улстөрчдийн сэтгэлийн хөөрел тийм ч амар буурдаггүй. Алдагдал гэдэг нь тооцоолол буруу байгаагийн илрэл бөгөөд нүүрсний орлого тооцоолсон үр дүнд хүрсэнгүй гэсэн тайлбар нь огт үндэслэлтэй биш юм. Үүсээд буй нөхцөл байдал нь улстөрчдийн нүүрсэнд хэт их ачаа үүрүүлсний шинж тэмдэг юм.

Энэхүү нүүрсний өсөлтөөс үүссэн синдром яг одоо ид дундаа үргэлжилж байна. 2022, 2023 оны нүүрсний ээлжит их өсөлтийн цикл намжих тал руу хандсан. Манай улстөрчид нүүрсний экспортын их өсөлтийг дахин авчирна хэмээн бат итгэн сууна.

Гэсэн хэдий ч бодит байдал дээр нүүрсний экспорт төдийлөн өндөр өсөлтийг үзүүлж хараахан амжаагүй, жигд өсөлтийн хэмжлээ хадгалж чадах уу, үгүй юу гэдэг түвшинд л байна.

Тийм атал төсвийн огцом өсөлт арилаагүй хэвээр. 2010-2011 онд тохиосоН нүүрсний их өсөлт бидэнд орон нутгийн төсвийн өсөлтийг авчирсан сайн талтай. Тодруулбал, 2013 оноос аймаг, сумдын төсөв үлэмж хэмжээгээр дорвитой нэмэгдүүлж чадсан төдийгүй орлогын хуваарилалтыг илүү оновчтой болгосон. Гэсэн ч удалгүй нүүрсний салбарын экспортын орлого саарч, өсөлт зогссон. Дараагийн өсөлт 2016 оноос эхэлсэн нь өмнөх шиг хүчтэй тэлэлт байгаагүй ч, нүүрсний салбар хөл дээрээ зогсож, итгэл найдвар нь сэргэсэн гэж хэлж болно. Гэвч 2019 оноос төсвийн тэлэлт огцом ихсэх шинж орж, улмаар 2022 оноос хэт цойрсон төсвийн зарлагын өсөлтийн хөдөлгөөнийг бид бэлжнээ харж болно. Нүүрсний экспортын орлогын өсөлт саарсан ч төсвийг огцом тэлэх синдромынхүү арилсангүй. Энэ жил нүүрсний экспортын орлого 2025 оны бууралтайн дараа 60 орчим хувиар өсөхөөр байгаа төдийгүй Оюутолгойн экспортын орлогын супер цикл тохиож буй нь байдлыг илүү хөнгөвчилж байгаа ч төсвийн алдагдал нэмэгдэж, оны төгсгөл рүү асуудал хүндэрчхээр байгааг Засаг хүлээн зөвшөөрөв. Нөгөөтэйгүүр Оюутолгойн хөрөнгө оруулалтын оргил үе өндөрлөж буй гэдгийг санах нь зүйтэй.

НҮҮРС, ЗЭСИЙН ЭКСПОРТ ҮНЭХЭЭР САЙН БАЙГАА Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ ДАНХАЙЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн алдагдал нэмэгдсэнээр гадаад өр төлбөр зузаарах эрсдлийг дагуулна. Нэгэнт манай эдийн засаг өсөж өссөөр байгаа тул дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан дүнгээр гадаад зээл тийм ч өндөр харагдахгүй. Гэвч хэмжээ нь нэмэгдсээр байгааг онцгойлон анхаарах нь зүйтэй.

Энэ талаар 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой дурджээ. Тухайлбал Монгол Улсын гадаад өр төлбөрийн ачаалал цаашид нэмэгдэх дүр зураг тодорхой байгаа бөгөөд үүнийг гадаадын хөрөнгө оруулалт татаж валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэжээ. Дэлхийн банкны зүгээс ч Оюутолгойн бүтээн байгуулалт өндөрлөх шатандаа орж уг төслийн зүгээс орж ирдэг хөрөнгө оруулалтын урсгал татрах тал руугаа эргэх болсныг онцолж байна. Тэгэхээр манай улс үүссэн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдад бүх талаар тал засах үзэгдэл өрнөх болсон. Хаврын чуулганы төгсгөлд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг баталсан нь хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байна. Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хоорондох Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-оос албан ёсоор хэрэгжиж эхлээд буй юм.

Нүүрс, зэсийн экспорт үнэхээр сайн байгаа ч дөнгөж талаасаа өнгөрч байхад төсвийн алдагдал данхайж эхэлсэн нь хэн бүхний гайхлыг эрхгүй төрүүлж байна. Төд удалгүй 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сараас эхлэн шатахууны хомсдолын үйл явц хавсран өрнөсөн нь бидэнд Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон айсуй сорилтын талаар хатуу сануулалт өгч байна.

Сангийн яам төсвийн алдагдал хувийг бууруулах дүр зураглалыг төсвийн төсөөлөлд тусгах замаар сэтгэлгээ тайтгаруулж ирсэн. Зарим боломжит зардлыг танаснаар төсвийн зарлагыг бууруулж болно. Гэвч эргэлт буцалтгүйгээр улам бүр томрон буй зардлууд болох цалингийн зардал, нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн санд төвөөс олгох санхүүжилт зэрэг нь эдийн засгийн суурь зардлууд аль хэдийнэ тэлж буй дохио. Нөгөө талд шатахуун, эрчим хүч ч мөн адил. Бидний худалдан авах хэмжээ, зарцуулалт эдийн засаг тэлэхээр дагаж өсөх зүй тогтол үйлчилж байна. Монгол Улсын жижиг эдийн засаг, жижиг худалдан авагч, жижиг нийлүүлэгч гэсэн суурь аажмаар ийнхүү өөрчлөгдөх болжээ. Ийм нөхцөлд бид илүү буурайтай, илүү ахисан түвшинд сэтгэж эдийн засаг, төсвийн бодлогуудаа илүү тогтвортой нөхцөл байдлыг бүрдүүлэх зорилгод чиглүүлэх шаардлага тулгарч байна.

Эрдсийн экспорт түүхэн дээд түвшнийг даван өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадварт төдийлөн ахиц гарахгүй байгаа тул Занданшатарын Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтыг өсгөх хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч уг хуулийг хүчингүй болгох шийдвэрийг Учралын кабинет 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй цуг баталж орхисон. НӨАТ нь Засгийн газрын хувьд төсвийн орлогын хамгийн том бөгөөд тогтвортой "саалийн үнэх" болохын хувьд уг татвараас шуудхан татгалзаж хараахан зүрхэлсэнгүй бололтой. Ерөнхий сайд НӨАТ-ын буцаалтын оронд иргэдийг тайвшруулж, ам хаах үүднээс татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бэлэг барьж буйгаа дуулгасан. Уг хууль нь хаврын чуулган өндөрлөх үед батлагдсанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалингийн орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хэмжээ 10% байсныг бүрэн хөнгөвчлөхөөр болсон билээ. Мэдээж аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын боссыг нэмэгдүүлж, орлогын татварын шатлалыг ч хөнгөвчлөхөөр тусгаснаар бизнес эрхлэлтийг таатай болгосон гэж тайлбарласан.

Эдийн засгийн дотоод, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан амаргүй энэ нөхцөлд, энд оны төсвийн тодотголыг Засаг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад (2026.08.20) байна. Ингэхдээ төр хэмнэлтийн горимд шилжиж, 1.4 их наяд төгрөг хэмнэхээр болсныг дуулгалаа.

Төсвийн тодотголоор хэрэгжих зарим арга хэмжээ

1.4 их наяд төгрөгийг 2026 оны төсвийн тодотголоор хэмнэнэ (томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга хөгшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүү тээвэр шатахууны зардлыг танах замаар бүрдүүлнэ). Үүнд:

  1. Урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433.4 тэрбум

  2. Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум

  3. Хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум буюу нийт 1.4 их наяд 40.9 тэрбум төгрөгөөр бүрдүүлнэ.

Хэмнэсэн зардлыг дараа байдлаар зарцуулна. Үүнд:

  1. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал 674.5 тэрбум

  2. Эрүүл мэндийн салбарын цалинг 11 дүгээр сараас 20% нэмэгдүүлэх 90.0 тэрбум

  3. 11 дүгээр сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50%, шинжлэх ухааны салбарын цалинг 35% нэмэгдүүлэх 80.1 тэрбум

  4.  Ахмадуудад ирэх 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум

  5. Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэхэд 150 тэрбум

  6. Эрчим хүчний үнэ нэмэгдлээс иргэдээ хамгаалах дэмжлэг 107.3 тэрбум

  7. Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум

  8. Анги дүүргэлтийг 35 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Гэхдээ уг хуулийн төслөөр энэ оны төсвийн зардал 1 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэж, алдагдал 2 их наяд төгрөг буюу бүтэн жилийн өмнө нь батлагдсан дүнгээсээ бараг хоёр дахин нэмэгдэхээр байна. Ийнхүү хэмнээд хэмнэеэ төсвийн зарлага болон алдагдал зэрэгцэн зузаарч буйг засаг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үнийн өсөлтийг хазаарлахтай холбон тайлбарлав. Ингэснээр иргэдийг үнийн өсөлтөөс хамгаална гэж харжээ.

Гэхдээ гол асуудал нь төсөв юуны учир ингэж тасрав гэдгийг Сангийн яам шуудхан бөгөөд тодорхой тайлбарласангүй. Гагцхүү өмнөх жилийн өр төлбөрийг энэ оны төсөвөөр урьдчилж хаасан төдийгүй багш, эмч нарын цалингийн зөрүүтэй холбон тайлбарлав. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан энэ оны хагас жилийн байдлаарх төсвийн гүйцэтгэлийн тайланд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын биелэлт хамгийн доогуур гүйцэтгэлтэй байгааг тэмдэглжээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл хагас жилийн байдлаар 14.6 их наяд төгрөг, зарлага 16.8 их наяд төгрөг хүрчхээр төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт тэнцсэн бөгөөд нийт алдагдалдын 60.3% нь аж ахуйн нэгжийн орлогын татвар төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйтэй холбоотой тайланд дурджээ. Сангийн яамны зүгээс ийнхүү байдал энэ хэвээр үргэлжилбэл оны эцэст цалин тэтгэвэр тавих, төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд доголдол үүсч болзошгүй тул тодотголын төслийг өргөн барьж буй мэдээлсэн.

Гэхдээ алдагдал ийнхүү данхайсан нь эдийн засгийн нөхцөл байдлын талаарх хийсвэр дүн шинжилгээ болон төсвийн хэт өөдрөг тоолол хийдэг арга барилыг эргэж харах цаг болсныг томоохон анхааруулга юм. Өөрөөр хэлбэл төсөв тасарч буйн гол шалтгаан, зөв онош тавих ажил дутуу үлдсэн гэсэн үг. Бүх зүйлийг оны төгсгөл рүү татвар илүү бүрддэг, оны эхэнд угаас орлого таруу байдаг гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Энэ онд үнэхээр нүүрсний экспортын биет хэмжээ тун сайн, зэс, алтны ханш дээд түвшинд хүрчдүйг бололцоход төсвийн орлого тал дээр хүлээлтээ хэт өндөр тавьсан юм биш биз гэх асуулт эрхгүй төрнө.

ИНФЛЯЦ ХЯНАЛТААС ГАРАХ АЮУЛ ОЙРХОН БАЙНА

Шатахууны тасалдал, болзошгүй үнийн өсөлт эдийн засгийн цаашдын төсөөллийг орвонгоор нь эргүүлэх аюул бий. Өнгөрсөн 6 дугаар сараас эхэлсэн шатахууны нийлүүлэлтийн бууралт 8 дугаар сарын дунд үеийн байдлаар ч засраагүй хэвээр байна. Салбарын яамнаас байдлыг хэвийн хэмжээнд оруулахаар ажиллаж байна гэж тайлбарладаг ч АИ92 шатахууны импорт төдийлөн нэмэгдээгүй бөгөөд дизель түлшний импорт ч буурах хандлага ажиглагда гадаадын зарим хэвлэлүүдээс Монголын нүүрсний экспорт түлшний хомсдолоос үүдэн буурч болзошгүй тухай таамаглал дэвшүүлжээ. Гэхдээ одоогийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ өсөлтөө харьцангуй сайн хадгалж байна. Ормузын хоолойн тээвэрлэлт нэгдэх найдвар алсарч буйн зэрэгцээ Оросын нефтийн үйлдвэрүүдийн доголдол улам бүр газар авч буй нь шатахууны үнэ буурахгүй байх төлөвийг тодруулж байна. Гуравдагч орнуудаас шатахуун импортлохоор төлөвлөж буй ч их хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүн авахад хүндрэлтэй төдийгүй шатахууны үнийн огцом өсөлтийг дагуулж мэдэхээр байна. Улмаар инфляц хяналтаас гарах аюул ойрхон. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны 7 дугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын тайланд инфляц он гарсаар 13%-д хүрснийг тэмдэглэсэн байна. Энэ дундаа хүнс, барааны бүлгийн үнийн өсөлт даруй 14.2-25.5%-иар хэмжигджээ. Угtaa Засгийн газар инфляцыг 6-8%-д барих зорилготой.

Ерөнхий сайд Н.Учрал "Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна" гэж мэдэгдсэн. Сангийн сайд Б.Мэндсайхан дэлхийн эдийн засгийн байдал амаргүй байгаа төдийгүй шатахууны хангамж гол нийлүүлэгч орноос үүдэлтэйгээр доголдол буй нь эдийн засаг хүндрэл учруулж буйг онцолсон.

Гол аюул яах аргагүй оны сүүл хагаст шатахууны нийлүүлэлт, инфляц хэвээр байх нь тодорхой байна. Хэдийгээр Засгийн газар инфляцыг хазаарлах бодлого хэрэгжүүлж буй ч оны отгон саруудад хэрэгжих цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор хүнсний үнийн өсөлт даамжрах магадлал өндөр юм. Шатахуун, бусад шатах тослох материалын үнэ, түүний хүрэлцээ хангамж болон хүнсний барааны үнэ дэлхийн худалдааны гол сувгууд болох Ормузын хоолой, Баб-эль-Мандебын хоолой, Хар тэнгисийн усан замын тээвэр зосонги байдалд орсны улмаас цаашид өсөх хандлага тодорхой байна. Ийм нөхцөлд нүүрсний экспортын эцэсээр төсвийн орлого харьцангуй бүрэн төвлөрөх боломжтой. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй стратегийн нөөц бүрдүүлэх алхмууд нь сөрөг нөлөөллийг угтсан зөв арга хэмжээ мөн боловч ирэх жилүүдэд орлогын тал дээр илүү хүндрэл үүсч болзошгүй дөхөхийн хэрээр төсвийн сахилга бат нангайрч, инфляц, төсвийн алдагдал нэмэгдэх төлөвтэй байна.