Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОУАЭА: ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ЖИЖИГ МОДУЛЬЧЛАГДСАН РЕАКТОРЫН ХЭРЭГЛЭЭ ЭРС НЭМЭГДЭНЭ

Ч.Сансар

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) 2060 он гэхэд дэлхийн цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж болзошгүй гэж тооцоолжээ. Энэ өсөлтийн тодорхой хэсгийг бага оврын модульчлагдсан реакторууд бүрдүүлэх төлөвтэй байна.

Бага оврын реакторуудыг үйлдвэрт олноор үйлдвэрлэж, суурилуулах боломжтой. Энэ нь уламжлалт цөмийн цахилгаан станцаас хямд, хэрэгцээний дагуу өргөтгөх боломжтой шийдэл юм. Гэвч хууль эрх зүйн орчин, санхүүжилт болон цөмийн түлшний нийлүүлэлт зэрэг хүндрэлүүд нь эдгээр реакторуудыг хөгжүүлэхэд саад учруулж байна.

Одоогоор зөвхөн Хятад болон ОХУ жижиг модульчлагдсан реакторуудыг ашигладаг. Харин АНУ, Их Британи болон бусад томоохон эдийн засагтай орнууд энэ технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна.

2060 он гэхэд шинээр баригдах цөмийн станцуудын 23-28%-ийг жижиг реакторууд эзэлнэ гэж ОУАЭА-ийн тооцоолжээ.

Хойд Америкт шинээр баригдах цөмийн станцуудын 60 орчим хувийг жижиг модульчлагдсан реакторууд бүрдүүлнэ. Зүүн Өмнөд Ази, Латин Америк болон Карибын орнуудад энэ үзүүлэлт тус бүр 40 орчим хувь байх төлөвтэй.

АНУ-д Цөмийн зохицуулах хороо Мичиган муж дахь Palisades эрчим хүчний төвд хоёр жижиг модульчлагдсан реактор барих төслийг хэрэгжүүлэхийг саяхан зөвшөөрчээ. Хоёр реактор нийт 680 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

Хиймэл оюун ухааны эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний эрэлт өсөж, бага оврын реакторуудыг барих сонирхол мөн нэмэгдэж байна. Томоохон дата төвүүдэд найдвартай, тасралтгүй цахилгаан шаардлагатай. Одоогоор ихэнх цахилгааныг байгалийн хийгээр ажилладаг станцууд нийлүүлж байна. Гэхдээ технологийн компаниуд нүүрстөрөгч бага ялгаруулдаг цөмийн болон бусад эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулж байгаа билээ.

ОУАЭА-ийн сүүлчийн судалгаагаар модульчлагдсан реакторууд дэлхийн эрчим хүчний системд улам бүр чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Oilprice