
Т.Бямбанаран
Блокчлон олборлох технологи, судалгааны чиглэлээрх "Caving 2026" олон улсын бага хурал наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уг хурлыг Баруун Австралийн их сургуулийн дэргэдэх, уул уурхайн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага болох "Australian Centre for Geomechanics" (ACG) зохион байгуулсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) хамтран ажиллажээ.
Блокчлон олборлох арга нь их хэмжээний хүдрийг харьцангуй бага зардлаар олборлох боломжтой далд уурхайн аргачлалын нэг гэдгээрээ онцлог. Энэхүү аргыг томоохон гүний уурхайн ашиглалтад өргөнөөр хэрэглэдэг аж. "Caving 2026" хурлын үеэр гүний уурхайн олборлох аргын зураг төсөл, геотехник, үйлдвэрлэлийн төлөвлөлт, олборлолтын үеийн хүндрэлүүд, автоматжуулалт, газар хөдлөлтийн мониторинг зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан хэлэлцүүлгүүд өрнөлөө. Тус хурлын хүрээнд Оюу толгойн гүний уурхайн талбайтай танилцах аялал зохион байгуулагдсан байна. Үүнээс үзвэл Монгол Улс блокчлон олборлох арга технологийг амжилттай нутагшуулж буй дэлхийн цөөн хэдэн орны нэг болсон нь харагдаж байна.
Гэхдээ "Caving 2026" олон улсын хурлыг зөвхөн уул уурхайн мэргэжилтнүүдийн техникийн хурал гэж харах нь учир дутагдалтай. Хурлын гол асуудал нь нэг төрлийн олборлолтын арга технологийн тухай гэхээсээ илүү дэлхийн уул уурхай дараагийн хэдэн арван жилд ямар ордуудыг хэдий хэмжээний гүнд, ямар хүчин чадлаар, эрсдэлийг хэрхэн урьдчилан тооцоолж олборлох вэ гэсэн томоохон асуулт руу хөтөлж байна.
Гадаргад ойр хүдрийн биетүүдийг ил аргаар олборлох тусам хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэж, уурхайн эдийн засгийн үр ашиг муудах нөхцөл үүсдэг. Харин газрын гүнд үлдсэн асар их хэмжээний хүдрийн биетийг өндөр бүтээмжээр ашиглах шаардлагаас урган гарсан нэгэн арга бол блокчлон олборлох буюу "Block caving" юм. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энэхүү арга сүүлийн 20 жилд цөөн хэдэн анхдагч уурхайгаас хальж, дэлхийн томоохон далд уурхайн төслүүдийн гол сонголтын нэг болжээ.
Энэ удаагийн хурлын хүндэт зочин, "SRK Consulting"-ийн судлаач Ярослав Якубек өнгөрсөн 40 орчим жилийн туршлага, орчин үеийн уурхайн гүйцэтгэлийг эргэн харж, анхаарал татахуйц дүгнэлтэд хүрснээ "Caving 2026" хурлын үеэр танилцуулсан юм. Технологи, загварчлал, мониторинг асар их хөгжсөн ч гүний уурхайн олборлох аргыг ашигладаг уурхайнууд бодит гүйцэтгэлээрээ анхны хүлээлтээс доогуур байх тохиолдол байсаар байна. Судалгаанд өгүүлснээр, 1990 оноос хойш уурхайн бүтээн байгуулалт эхэлж, ашиглалтад орсон дор хаяж 60 шинэ уурхайн туршлагыг авч үзэхэд дийлэнх нь материаллаг хүндрэлтэй тулгарч, 5 уурхай хугацаанаасаа өмнө хаагдсан, зарим уурхайд чулуулгийн даралтын улмаас олборлолтын талбайн зарим хэсэгт нэвтрэх боломжгүй болсон байна.
Блокчлон олборлолтын давуу тал нь үндсэндээ хүдрийг их хэмжээгээр олборлож болдогт оршино. Харьцангуй бага зардлаар их хэмжээний хүдэр олборлох боломжтой гэсэн үг. Ил уурхайтай харьцуулбал газрын гадаргад үлдэх ул мөр багатай, хоосон чулуулгийг бага хэмжээгээр хөнддөг зэрэг нь хүрээлэн буй орчны хувьд тодорхой давуу тал бий болгодог.
Гэхдээ энэ давуу тал хямд үнээр ирдэггүй. Блокчлон олборлох уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө газрын гүнд томоохон хэмжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлагатай болдог.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт нь олборлолт эхлэхээс ч өмнө хийгдээд эхэлчихдэг. Ингэж байгуулсан систем өндөр хүчин чадлаар ажиллаж байж л сая нэг анхны хөрөнгө оруулалтаа нөхнө. Орчин үеийн зарим уурхай өдөрт 50,000 тонноос давсан хүчин чадлаар ажиллаж байгаа бол дараагийн үеийн том уурхайнууд өдөрт 100,000 тонн буюу түүнээс дээш хүчин чадалд хүрэх тооцоотой байгаа тухай судлаач Ярослав Якубек онцолжээ. 2026 оны байдлаар иймэрхүү том хэмжээний 17 бие даасан панель дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дунд Оюу Толгойн далд уурхай зүй ёсоор багтаж байгаа юм.
Эдийн засгийн үр ашгийг тооцвол, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь үндсэн зорилго аж. Харин өндөр хүчин чадалтай, том уурхай байх тусмаа геотехникийн тодорхой бус байдал нэмэгддэг байна. Тиймээс үр ашигтай ажиллах үндсэн шалгуур нь аюулгүй, тогтвортой байдлаар төлөвлөсөн бүтээмжид хүрч, үүссэн аливаа эрсдэлийг тухай бүрт нь амжилттай шийдвэрлэх боломжтой эсэх юм.
Нураан олборлолтын хамгийн том сорилтуудын нэг нь уурхайн хөгжүүлэлтийн хугацаа.
Тайлан, судалгаанаас анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл ихэвчлэн 7-10 жил, зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаа шаардагдана. Гэтэл энэ хугацаанд уурхайн бүтцэд шаардлагатай бүх геотехникийн мэдээллийг бүрэн тодорхойлох боломж хязгаарлагдмал.
Уурхайн үндсэн дэд бүтцийг байгуулах томоохон хөрөнгө оруулалт хийгдэх үед чулуулгийн масс ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх нь зарим талаар бүрхэг хэвээр үлддэг. Иймээс блокчлон олборлох арга нь нэг утгаараа тодорхойгүй ирээдүйн төлөө тавьж буй урт хугацааны инженерийн "бооцоо” гэхэд хол зөрөхгүй биз ээ.
Цоо шинэ төслүүдийн хувьд богино хугацааны эдийн засгийн ашиг орлогыг чухалчилсан шийдвэр нь инженерийн үндсэн шийдвэртэй зөрчилдөх магадлалтай. Дээрх судлаачийн тодорхойлсон "алтан дүрэм"-ийн нэг нь техникийн оновчтой шийдлийг богино хугацааны эдийн засгийн үр ашгаас ямагт түрүүнд тавих явдал. Монголчуудын хэлдгээр "яарвал даарна" гэдэг дээ.
Якубекийн судалгаанаас үзвэл нураалтын дүрмүүд нь сүүлийн хэдэн арван жилд хуримтлагдсан бодит туршлагын үр дүн. 1960-1990-ээд оны үед алмаз, шөрмөсөн чулуу буюу асбест, зэсийн порфирийн уурхайн туршлага дээр үндэслэн дүрмүүдийг анхлан боловсруулжээ. Гэвч өнөөгийн төслүүд тэдгээрээс зарим талаараа ялгаатай. Шинэ уурхайн төслүүд илүү гүн рүү шилжиж, илүү бат бөх чулуулгийн масстай тулгарч буй.
Тиймээс хуучин дүрмүүд зөв үү, буруу юу гэх асуулт тийм ч оновчтой биш.
Харин гол асуудал нь тэдгээр хуучин дүрмийг цаашид ямар нөхцөлд шууд ашиглаж болох вэ, ямар нөхцөлд шинэ түвшний нотолгоо шаардах вэ гэдэгт байна.
УХААЛАГ ТЕХНОЛОГИ БҮХ АСУУДЛЫН ШИЙДЭЛ МӨН ҮҮ

"Caving 2026" apra хэмжээний хөтөлбөрөөс харахад энэхүү салбарт дэвшилтэт технологи улам бүр хүч түрэн орж ирж байгаа нь тод харагдаж байна. Тэдгээр нь уурхайн нөхцөл байдлыг урьд өмнөхөөс илүү нарийвчлан ажиглах боломж олгож, цаг хугацаа хэмнэх давуу талтай. Гэхдээ энд технологийн тухай ярианаас илүү гүнзгий асуудал бий. Өгөгдөлд суурилсан технологи улам ухаалаг болж буйг өнгөц харвал ирээдүйд бараг хүний оролцоо шаардлагагүй болох мэт. Гэхдээ дэвшилтэт технологи нэвтрүүллээ гэдэг нь бодит байдлын талаарх ойлголт автоматаар үнэн зөв, 100% нарийвчлалтай болчихлоо гэсэн үг огтхон ч биш.
Компьютерийн модель, алгоритмаар боловсруулсан мэдээлэл нь мэргэжлийн хүний ажиглалт, туршлагыг бүрэн орлох ёсгүйг дээрх судалгаагаарp ч тодорхой харуулжээ. Хиймэл оюун ухаан, нарийвчлал өндөр технологи ашиглан гаргасан үр дүнг нэмэлт хяналтгүйгээр бодит үнэн мэт хүлээн авах нь өөрөө эрсдэлийн эх үүсвэр болж болно гэдгийг Ярослав Якубек мөн дээрх судалгаандаа онцолсон байна.
Энэ санааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй. Хиймэл оюун, машин сургалт, автоматжуулалтын эрин үед бараг бүхий л салбарт тулгарч буй нийтлэг үзэгдэл энд давтагдаж буй хэрэг. Компьютер тооцооллыг гүйцэтгэнэ. Харин уурхайн нөхцөлд ямар шийдвэр оновчтой болохыг хүний үйл ажиллагаа эцэслэн тогтооно.
Блокчлон олборлолтын үед бас нэг орхигдуулж боломгүй асуудал нь уурхайн гадаргын нөлөө юм. Нураалтын бүс газрын том гадаргад хүрэх үед суултын тогоо үүсч, олборлолт үргэлжлэхийн хэрээр газар доош болон хэвтээ чиглэлд тэлэх боломжтой. Улмаар уурхайн хаалтын шатанд суултын тогоо хамгийн эцсийн, хамгийн хэмжээнд очдог тухай дээрх судалгаандаа дэлгэрэнгүй дурджээ. Газрын гадарга доош суух эрсдэлээс сэргийлэхийн тулд баганыг дүүргэгчтэйгээр нураах аргыг хэд хэдэн уурхайд нэвтрүүлжээ. Гэвч тэдгээр нь төдийлөн амжилтад хүрээгүй аж. Энэ чиглэлийн инженерийн шийдэл нь одоог хүртэл хариултаа олоогүй асуулт хэвээр байна.
Тэгэхээр уурхай хаагдсаны дараа газрын гадарга ямар болох, хүн, мал, амьтан болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг нь уурхайн зураг төсөл, аливаа судалгаа, шинжилгээний тэргүүн эгнээнд тавигдах шаардлага урган гарч байна.