Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлнэ 

Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээрийн үр дүн, цаашдын чиг хандлагыг Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-тэй хийсэн албан ёсны уулзалтын үеэр (2026.09.22) Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо. 

Засгийн газрын зүгээс “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээгээр төслийн зардлыг бууруулах, Монголын талд ногдох үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшилд хүрснийг албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь цаашид ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах, төслийн санхүүгийн сахилгыг чангатгахад чухал түлхэц болно.

Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг зөвхөн хөрөнгө оруулалт, олборлолтоор хязгаарлахгүйгээр дэлхийн жишигт нийцсэн технологи, ноу-хауг дотооддоо нутагшуулж, геологи-уул уурхайн салбарын өндөр технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Төслөөс улсад үлдэх үр өгөөжийг өргөжүүлэхийн тулд үндэсний инженер, техникийн боловсон хүчнийг чадавхжуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэвээр байна.

Уул уурхай болон эрдэс баялгийн салбарын стратегийн түншлэлээс гадна хоёр улс худалдааны эргэлтийг (2025 оны байдлаар 66.8 сая ам.доллар) нэмэгдүүлэх, бүтцийг төрөлжүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн Австралийн сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт туршлага, стандартыг нутагт нутагшуулах, тэр дундаа ногоон эрчим хүч болон холбогдох мэргэжилтнүүдийг магадлан итгэмжлэх тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллах санал дэвшүүлсэн нь уул уурхайг дагасан эрчим хүчний шилжилтэд чухал алхам болохоор байна.

Оюутолгой төсөл нь Монгол-Австралийн эдийн засгийн гүүр болж байгаа хэдий ч цаашид монгол инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоодын компаниудын худалдан авалтын чадавхыг сайжруулах, технологи дамжуулалтыг бодит үр дүнд хүргэх нь бидний анхаарлын төвд байх ёстой гол асуудал юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар