Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Багануурт жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэр барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.09.23) болж, агаарын бохирдлыг бууруулах томоохон төслийн хүрээнд "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр уг үйлдвэрийг байгуулах, нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр хамтарсан компани байгуулахыг даалгалаа. Харин үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар эцэслэн тогтоох юм.

Тус үйлдвэр нь жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийг дагалдуулан 40 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина. Шинээр 400 хүнийг тогтмол ажлын байраар хангана.

Бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны IV улиралд эхлүүлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөв. Ерөнхий сайд Н.Учрал уг хуваарийн дагуу ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Төрийн болон нийслэлийн оролцоог хангах зорилгоор "Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани болох "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн эзэмшлийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар тус тус дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Засгийн газрын энэхүү тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд албан ёсоор тодорхой болж, цаашид хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ байгуулах болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар