
Засгийн газраас 2027 онд "Оюутолгой" компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ хүрээнд уг хөрөнгийг хэрхэн хуваарилах болон талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Монголын тал Рио Тинто групптэй хэлэлцээр хийж, тодорхой үр дүнд хүрснийг Сангийн сайд онцлов. Тус группийн гүйцэтгэх захирал Монголд айлчилж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан өөрчлөлтийг баталгаажуулсан байна.
Энэхүү хэлцлийн үр дүнд анх 2037 оноос эхэлж авах байсан ногдол ашгийг бүтэн 10 жилээр наашлуулж, 2027 оноос эхлэн авахар хоёр тал албан ёсоор тохиролцсон.
"Компанийн 2026 оны санхүүгийн тайлан 2027 онд гарах бөгөөд гүйцэтгэх захирал нь ногдол ашиг өгөхөө илэрхийлсэн. Тиймээс ажлын хэсэг гарч, ногдол ашгийг яг ямар аргачлалаар тооцож авах нарийн детайлиа тодорхой болгоно" хэмээн З.Мэндсайхан хэллээ.
Ногдол ашгийг юунд зарцуулах вэ?
2027 онд төвлөрүүлэх 3 их наяд төгрөгийн хуваарилалтыг Засгийн газар дараах байдлаар төлөвлөөд байна:
1 их наяд төгрөг: Иргэдийн Хуримтлалын сан дахь нэрийн дансанд шууд байршуулна.
2 их наяд төгрөг: Төсвийн урсгал зардал болон стратегийн чухал салбаруудыг санхүүжүүлнэ. Үүнд:
Ахмадуудын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх
Эдийн засгийн агшилттай үед жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох
Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх
Эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй эрчим хүч, дэд бүтцийн салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх (тухайлбал, орон нутгийн залуучуудад тулгамдаж буй дулаан хангамжийн асуудлыг шийдэх)
Нэг удаагийн хуулиар зохицуулна
Энэхүү ногдол ашгийн зарцуулалтыг тогтмол шинж чанартай байлгахгүйн тулд нэг удаагийн хуулиар зохицуулахаар төлөвлөжээ.
Сангийн сайд энэ талаар тайлбарлахдаа, "Оюутолгойн ногдол ашиг бол төсвийн байнгын тогтвортой орлого биш юм. Тиймээс ирээдүйн төслүүд болон дараа дараагийн төсөвт санхүүгийн дарамт учруулахгүйн тулд хуулийн тусгай зохицуулалт хийж байна" гэлээ.
Мөн уг асуудлыг шийдвэрлэх явцад олон нийтийн санаа бодлыг сонсож, ард түмнээс асуух замаар ногдол ашгаа хуримтлалын сандаа хуримтлуулах уу, эсвэл эдийн засагт тулгамдсан бодит асуудлуудыг шийдвэрлэхэд шууд зарцуулах уу гэдгийг хэлэлцүүлэх аж.