Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

НЭН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАРААГИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛНО

О.Дөлгөөн

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэн чухал ашигт малтмалын ангилал, жагсаалтыг албан ёсоор баталж, салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэ орчин бүрдэнэ хэмээн үзэж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Үндэсний геологийн албанаас одоогоор 19 төрлийн ашигт малтмалыг чухал ангилалд багтаахаар бэлтгэл хангаж буйг мэдээллээ. Сэргээгдэх эрчим хүчний шилжилт, олон улсын зах зээлийн эрэлтэд үндэслэн зэс, өнгөт металл болон газрын ховор элементүүдийг тус жагсаалтад голлон багтааж байна.

Гэвч бодлогын шинэчлэл хэрэгжих суурь буюу геологи, хайгуулын салбар зогсонги байдалд орсон нь шинээр томоохон ордуудыг нээн илрүүлэх боломжийг хязгаарласаар байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр байгаа 2,817 тусгай зөвшөөрлийн 1,778 нь ашиглалтынх, ердөө 1,039 нь хайгуулынх байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтынхаас бараг хоёр дахин бага байгаа нь геологийн судалгааны залгамж чанар тасарч, удааширсныг илтгэж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт хязгаарлагдмал тул Засгийн газраас геологийн суурь судалгааны төслийг нэмэгдүүлсэн ч эцэст нь дүнгийн хувийн хөрөнгө оруулалтыг татаж байж хайгуулын салбар сэргэх нь тодорхой байна.

Иргэдийн дунд хайгуулын ажил нь шууд уул уурхайн олборлолт руу шилждэг гэсэн сөрөг хүлээлт байдгаас орон нутгийн эсэргүүцэлтэй байнгаар тулгардаг. Иймд байгаль орчинд нөлөө багатай хайгуулын шатыг олборлолтоос тусгаарлаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл рүү шилжих үеийн БОНЗ (ESG) болон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг орон нутагт үлдээх талаар ч мөн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой заалтууд тусгаад байгаа талаар салбарын сайд мэдээлсэн.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, орон нутагтай хийх яриа хэлэлцээг институцийн түвшинд ил тод болгосноор Монгол Улс дараагийн "Оюутолгой", "Эрдэнэт" зэрэг стратегийн ач холбогдолтой шинэ ордуудыг нээж геологи хайгуулын ажлыг яаралтай эхлүүлж, дэлхийн нэн чухал ашигт малтмалын сүлжээнд байр сууриа бэхжүүлэх зэс, ГХЭ, лити зэрэг стратегийн ашигт малтмалын асар их нөөцийн "үүцээ" задалж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гол тоглогчдын нэг болох боломжтой.

Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон зэрэг Азийн тэргүүлэгч хэрэглэгч орнуудтай газарзүйн байрлалын хувьд ойр оршиж буй нь экспортын зардлыг бууруулах, стратегийн түншлэлээ тэлэх том давуу тал. Түүнчлэн түүхий эдийг зөвхөн олборлон экспортлохоос гадна дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх боломж ч бүрэн дүүрэн бий.

АХБ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ШИНЭ САН БАЙГУУЛЛАА

Бид "нэн чухал" гэх тодотголтой ашигт малтмалын талаар яриад багагүй хугацаа үдлээ. Чухамхүү ямар төрлийн эрдсийг уг ангилалд оруулахыг Монгол Улс албан ёсоор хараахан зарлаагүй байгаа ч дэлхий дахинаа биднийг аль хэдийнэ сонирхоод эхэлж. Азийн хөгжлийн банкны боловсруулсан "Market Assessment of Critical Minerals in Mongolia" буюу "Монгол Улс дахь чухал ашигт малтмалын зах зээлийн үнэлгээ" нэртэй тайланд дурдсанаар, "Монгол Улс голчлон зэс, жонш зэрэг цөөн төрлийн ашигт малтмалын олборлотын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Угтaa нөөц асар их. 61.4 сая тонн зэс, 37.4 тэрбум тонн нүүрсний орд, ойролцоогоор 1.2 тэрбум тонны төмрийн хүдэр болон газрын ховор элементийн Хотгор, Халзан Бүрэгтэй зэрэг томоохон ордуудтай. Энэ хоёр ордын нөөцийн нийлбэр дүн 3.5 сая тонн орчим. Цаашилбал зэс, лити, ховор шороон элемент, гянт болд, уран, жонш, бал чулуу (графит) болон никель зэрэг чухал ашигт малтмалын геологийн арвин их нөөцтэй.

Узбекистаны Самарканд хотноо 5 дугаар сарын 3-нд болсон АХБ-ны Жил бүрийн 59 дэх удаагийн уулзалтын үеэр байгуулсан Нэн чухал ашигт малтмалаас үйлдвэрлэл хүртэлх санхүүжилтийн түншлэлийн сан нь бус нутгийн зөвхөн олборлотын шатнаас хальж, дахин боловсруулах, илүү өндөр өртөг шингэсэн салбар руу шилжүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, Ази, Номхон далайн орнуудын дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус, нэмүү өртөг бүтээгч байр суурь эзлэхэд дэмжих зорилготой.

АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда "Нэн чухал ашигт малтмал нь дараагийн үйлдвэрлэлийн эрин үеийг тодорхойлох болно. Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд зөвхөн түүхий эдийн эх үүсвэр байхаас илүүтэйгээр эдгээр ашигт малтмалыг бий болгож буй ажлын байр, технологи, нэмүү өртгийг эх орондоо үлдээх ёстой. Энэхүү сан нь шуурхай бөгөөд шударга байх зарчимд суурилсан" хэмээн онцжээ.

Тус сан нь хоёр үндсэн хэсгээс бүрдэх аж. Буцалтгүй тусламжийн сан: ТЭЗҮ хийх, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник туслалцаа болон мэдлэг хуваалцах зэрэг төслийн эхэн үеийн ажлуудыг санхүүжүүлнэ. Японы Загийн газар уг цонхонд 20 сая ам.доллар, Их Британийн Засгийн газар 1.6 сая ам.доллар олгохоор амлаад байна.

Хамтран санхүүжүүлэх: Бусад санхүүгийн түншүүдтэй хамтран санхүүжүүлэх ир эрсдэлийг бууруулах зорилготой. БНСУ-ын ЭКСИМ Банк болон Солонгосын Худалдааны Даатгалын Корпораци (K-SURE) тус бүр 500 сая ам.долларын Санамж бичиг гарын үсэг зурж, уг сангийн анхны түншүүд болсон байна.

Тус сан нь бүс нутаг даяр хариуцлагатай, тогтвортой "ашигт малтмалаас үйлдвэрлэл хүртэлх" өртгийн сүлжээг дэмжих АХБ-ны 2025 оны стратеги дээр суурилж байна. АХБ одоогоор бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн төслүүдийг дэмжин ажиллаж байгаагийн дотор Монгол Улсад геологийн мэдээллийн зураглал хийх төсөл багтжээ.

ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛТ ХЭД ДАХИН НЭМЭГДЭНЭ

Дэлхийн зах зээл дээр ойрын 25 жилийн хугацаанд зарим ашигт малтмалын эрэлт хэд дахин нэмэгдэх таамаглал байна. Тухайлбал, платины бүлгийн металлуудын эрэлт 2024 оны түвшнээс 66 дахин, литийн эрэлт 8–13 дахин, марганецын эрэлт 18–29 дахин нэмэгдэх төлөвтэй.

Гэсэн хэдий ч АХБ-ны тооцоогоор 2040 он гэхэд одоогийн олборлолтын чадал нь шаардлагатай литийн нийлүүлэлтийн ердөө 35%, зэсийн 59%, кобальтын 70%, никелийн 76%-ийг л хангахаар байгаа нь дэлхий дахинд нийлүүлэлтийн том дутагдал үүсэх эрсдэлтэйг сануулж байна.

Хэд хэдэн судалгааны мэдээлэлд дурдсанаар, уурхайн олборлолт 2030 он хүртэл өссөөр 27 сая тоннд хүрч оргил үедээ очно. Зах зээлд нэмж томоохон хэмжээний шинэ ордуудыг ашиглалтад оруулахгүй тохиолдолд хуучин уурхайнуудын металлын агуулга буурах тул 2030 оноос хойш олборлолт тасралтгүй багассаар 2040 онд 22 сая тонн болж буурахаар байна.

Энэ хугацаанд хоёрдогч буюу дахин боловсруулсан зэсийн нийлүүлэлт 2025 онд 4 сая тонн байсан бол 2040 онд 10 сая тоннд хүрч нэмэгдэх хэдий ч хурдацтай өсөх эрэлтийг нөхөж чадахгүй нь илт. 2040 он гэхэд дэлхийн зэсийн нийт нийлүүлэлт 32 сая тонн байх төлөвтэй байгаа бол нийт эрэлт 42 сая тонн болох юм. Энэ нь 2040 он гэхэд зах зээл дээр 10 сая тонны зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүснэ гэсэн үг юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ

Гэвч эрэлт ийнхүү асар хурдацтай тэлж, орд газрууд илрээд байгаа ч олборлолт, боловсруулалт бодитой эхлэхгүй байгаа нь учир шалтгаантай. Инфляциас үүдэлтэй төслийн зардал нэмэгдсэн, зөвшөөрөл олгох явц болон БОНЗ шаардлагаас шалтгаалан хөгжүүлэлтийн хугацаа уртассан, санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцөл чангарч, хүү өссөн, цаашилбал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс өсүүлээд төрийн бодлогыг хүртэл шүүмжлэх шаардлага үүсч мэднэ.

Үнэн хэрэгтээ ашигт малтмалыг хайгуулах, цэвэршүүлэх үйл ажиллагаа нь эрчим хүчний асар өндөр хэрэглээ шаарддаг. Тухайлбал, зэс хайгуулах, цэвэршүүлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлын (OPEX) 25%-ийг зохих эрчим хүчний өртөг эзэлдэг тул цахилгаан эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэртэй орнууд өрсөлдөх давуу талтай байдаг. Өнөөгийн байдлаар БНХАУ байгалийн бал чулуу болон диспрозийн дэлхийн боловсруулах чадлын 100%, марганецын 90%-аас дээш, кобальтын 70%, литийн бараг 60%, зэсийн 40%-ийг хянаж, ಈ салбарт үнэмлэхүй давамгайлал тогтоогоод байна.

Манай улсын хувьд суурь эрчим хүчний дэд бүтцийн асуудалтай тул өнөөгийн нөхцөлд боловсруулах үйлдвэрүүдийг тасралтгүй хангах боломж хязгаарлагдмал. Үүн дээр төрийн бодлогын алдаатай шийдвэр, залгамж чанар алдагдаж, байнгын нэмэлт, өөрчлөлт орж буй хууль эрх зүй болон зохицуулалтын орчны өөрчлөлт нь олон улсын зах зээлд улс төрийн эрсдэлийг дохио болж, хөрөнгө оруулалт татах боломж багасч буйг үгүйсгэх аргагүй.