
Т.Бямбанаран
Дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн “Escondida” уурхайд осол гарсны улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байсан ч аажмаар сэргэж эхэлжээ. Дэлхий дахины зэсийн зах зээлд нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт өндөр хэвээр байгаа. Энэ үед тус уурхайн үйл ажиллагаа сэргэж буй нь зах зээлд үүссэн нийлүүлэлтийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах нөхцөл болж байна.
BHP компанийн Чили дэх “Escondida” уурхайн үйл ажиллагаа түр зогссон тухайн цаг үед COMEX биржийн зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, фунт нь 6.83 ам.доллар болсон юм.
“Escondida” уурхай нь Чилийн Атакамагийн цөлд, Антофагаста хотоос зүүн урд зүгт ойролцоогоор 170 километрийн зайд оршдог. Тус уурхай BHP-ийн 2026 оны санхүүгийн жилд 1.3 сая орчим тонн зэс үйлдвэрлэжээ. BHP нь тус уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 58.5 хувийг нь эзэмшдэг аж. Харин Рио Тинто 30 хувийг, Японд төвтэй “JECO” корпораци 12.5 хувийг тус тус эзэмшдэг.
“Escondida” уурхайн үйл ажиллагааны доголдол зэсийн зах зээлд ихээхэн нөлөөлсөн. Дэлхий дахинд тус металлийн илүүдэл нөөц бараг байхгүй, тун хомсдолтой байгаа. БНХАУ-ын зэсийн агуулахын нөөц мөчлөгийн доод түвшиндээ ойртжээ. Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээнд боловсруулсан зэсийн хэрэглээ нийлүүлэлтээсээ давсан хэвээр байна.
Эх сурвалж: mining.com