Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Г.Дамдинням: 160 мянган тоннын хүчин чадалтай Шатахууны нөөц сав барих төслүүд бодит ажил болно 

О.Дөлгөөн


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй албан айлчлалын үр дүнгийн талаар мэдээллээ.

Айлчлалын хүрээнд Монголын талаас түлш шатахууны агуулах болон дамжуулан ашиглах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Япон улсаас дэмжлэг хүссэн бөгөөд Японы Ерөнхий сайд Санае Такайчи уг санаачилгыг бүрэн дэмжиж, ойрын үед бодит ажил хэрэг болгохоо илэрхийлжээ.

Түлш шатахууны хангамжийг нэмэгдүүлэх 3 багц төсөл:

1. Улсын нөөцийн сав байгуулах: 100 мянган тонны хүчин чадалтай улсын нөөцийн сав шинээр барих.

2. ОБЕГ-ын зориулалттай сав: Онцгой байдлын ерөнхий газрын хэрэгцээнд зориулсан 60 мянган тонны хүчин чадалтай сав байгуулах. (Ингэснээр нийтдээ 160 мянган тонн буюу Монгол Улсын 1 сарын хэрэглээг бүрэн хэмжээнд хадгалах боломжтой нөөцийн сантай болох юм).

3. Хилийн дамжуулан ачих байгууламж: Өмнөд хилийн дамжуулан ачих байгууламжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх.

Тэрбээр "Эдгээр 3 төсөл дээр техникийн судалгаа хийж, ТЭЗҮ-ийг хамтран боловсруулах бөгөөд цаашид бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр техникийн түвшний уулзалтуудыг үргэлжлүүлж байна. Сүүлийн 36 жилийн хугацаанд Засгийн газрын түвшинд шатахууны агуулах саван дээр төрийн бодлого гаргаж, санхүүжилт олгож хийж буй анхны тохиолдол болж байна. Энэ оны тухайд дотоодын хүчин чадлаараа шатахууны нөөцөө 14 хоногоор нэмэгдүүлж, нийт 45 хоног хадгалдаг болж байна. Ойрын ирээдүйд улсынхаа шатахууны хэрэглээг 1-3 сарын хугацаанд бүрэн хангах хэмжээнд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд гадаад, дотоодын бүх боломжит эх үүсвэрийг дайчлан ажиллаж байна" хэмээлээ.