Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ХЯТАД УЛС ИРЭХ 10 ЖИЛД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Т.Бямбанаран

  • Өнгөрсөн арван жилийн хугацаанд БНХАУ цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 34 ГВт-аар нэмэгдүүлсэн бол АНУ-д ердөө нэг атомын цахилгаан станц шинээр ашиглалтад оржээ.
  • Бээжин Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай Маш Өндөр Температурын Хийн-хөргүүртэй Реакторын (МӨТХР) чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах шинэ гэрээ байгуулсан нь мэдээлэл, технологийн салбартаа харьцангуй хаалттай байдаг Хятад улсын хувьд онцгой тохиолдол болж байна.
  • Шинжээчдийн тооцоолсноор, ирэх арван жилд Хятад улс АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн их цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтэй улс болох төлөвтэй байна. Хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлөөс үүдэн цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь энэ шилжилтийг улам хурдасгах хүчин зүйл болж байна.

Цөмийн эрчим хүчний ирээдүй БНХАУ-ын гарт байна. Өдгөө АНУ дэлхийн хамгийн их цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг улс хэвээр байгаа ч Хятадын цөмийн эрчим хүчний салбар маш хурдацтай өргөжин тэлж байна. Цаашид ийм хурдаар өссөөр байвал Хятад улс ирэх арван жилийн хугацаанд Франц төдийгүй АНУ-ыг ардаа орхиж, дэлхийн тэргүүлэх цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орон болох төлөвтэй байна.

Хятад улс уламжлалт цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж байгаагаас гадна дэвшилтэт цөмийн эрчим хүчний технологийн чиглэлд дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэх болжээ.

“2035 он хүртэлх хугацаанд Хятад улсын цөмийн эрчим хүчний салбар эрчимтэй хөгжих нь тодорхой байна” хэмээн “Gavekal Technologies” компанийн Эрчим хүчний салбарын ахлах шинжээч Дэмиэн Ма саяхан гаргасан тайландаа дурджээ.

Тэрээр, “Барилга, бүтээн байгуулалтын салбар мөн хөгжиж байгаа тул Хятад улс шинэ атомын цахилгаан станцыг ойролцоогоор зургаан жилийн дотор барьж байгуулах боломжтой” гэжээ. Харин АНУ-ын хамгийн сүүлд ашиглалтад оруулсан “Vogtle” атомын цахилгаан станцын реакторуудыг барьж дуусгахад арав гаруй жил зарцуулжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд АНУ нэг атомын цахилгаан станц шинээр барьж байгуулсан нь олон жил саатсан “Vogtle” атомын цахилгаан станц юм. Харин мөн хугацаанд Хятад улс цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 34 ГВт-аар нэмэгдүүлжээ. Түүнчлэн Бээжингийн саяхан баталсан Тавдугаар таван жилийн төлөвлөгөө нь Хятад улс энэ эрчимтэй өргөтгөлөө сааруулах бодолгүй байгааг харуулсан юм.

Хятадын Засгийн газар хамгийн дэвшилтэт цөмийн эрчим хүчний салбарыг бий болгоход ихээхэн анхаарч байгаа. Энэ нь  дэлхийн эрчим хүчний салбарт урт хугацааны давамгай байр суурь тогтоох гэсэн өргөн хүрээний стратегийн нэг хэсэг. Тус улс цөмийн реакторыг зохион бүтээх, барьж байгуулах, ашиглалтад нэвтрүүлэх болон түлшээр хангах арга технологид шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байна.

Эх сурвалж: Oilrpice