О.Дөлгөөн
Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх зорилгоор 10 дугаар сарын газрын тосны бүтээгдэхүүний экспортоо түр зогсоосон тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Хятад улс өчигдөр (2026.10.02) нэг долоо хоногийн баярын амралтаа эхлүүлсэн ч энэ сард Хонконг, Макаогаас өөр бүс нутаг руу түлш экспортлох зөвшөөрөл олгоогүй байна.
Харин 10 дугаар сарын 7-нд амралт дууссаны дараа экспортын зөвшөөрлөө сэргээх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь дотоодын түлшний нөөц болон боловсруулалтын хэмжээнээс шалтгаалж магадгүй.
Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Хятадын эрчим хүчний судалгааны тэргүүн Михал Мейдан "Хятадын засгийн газрын гол анхаарал дотоодын нийлүүлэлтийн аюулгүй байдалд чиглэсэн хэвээр байгаа. Олон улсын зах зээл бол хоёрдугаар зэргийн асуудал юм.Хятад улс онолын хувьд боловсруулалт болон экспортоо нэмэгдүүлэх хүчин чадалтай ч дотоодын нөөц хангалттай биш бол экспорт хязгаарлагдмал хэвээр байх болно" гэв.
Хятад улс экспортоо түр зогсоосон энэ явдал Ерөнхийлөгч Ши Жиньпиний Вашингтонд хийсэн айлчлалын дараа болж байна. Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп түлшний дэлхийн нийлүүлэлтийг тогтворжуулахад туслахыг түүнээс хүссэн юм. АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт дэлхий нийт Ойрх Дорнод болон Хятадаас ирэх дизель түлшний экспортоо алдсаныг мэдэгдээд, Вашингтон Европоос шинэ дизель түлш нийлүүлэх тухай мэдэгдлийг тун удахгүй гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Трампын засаглал Герман, Франц улсуудад үнийг тогтворжуулахад туслах зорилгоор яаралтай тусламжийн дизель түлшний нөөцөө ашиглахыг үүрэг болгосон бөгөөд хэрэв биелүүлэхгүй бол АНУ-аас дизель түлш экспортлох хориг тавьж болзошгүй гэжээ.
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЗАХ ЗЭЭЛ
Хятадын экспорт тасалдана гэсэн хүлээлтийн улмаас Азийн дизель түлшний спот гэрээний 10-11 дүгээр сарын үнийн зөрүү хоёр долоо хоногийн дээд цэгтээ хүрчээ.
Төрийн өмчит PetroChina компани 10 дугаар сард хийхээр төлөвлөсөн бензин болон онгоцны түлшний зарим ачаа тээвэрлэлтээ Лхагва гарагт (2026.09.30) цуцалсан байна. Хувийн өмчит Zhejiang Petrochemical Corp (ZPC) хэмээх өөр нэгэн томоохон боловсруулах үйлдвэр баярын долоо хоногт газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх хуваарь гаргахаас татгалзжээ.
Хэдийгээр Хятад улс дэлхийд хамгийн том газрын тос боловсруулах хүчин чадалтай боловч Азийн орнуудын дунд түлш экспортолдог хэмжээгээрээ Энэтхэг, Өмнөд Солонгосын дараа орно.