Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хайгуулын салбар сэргэвэл 90 мянга хүртэлх ажлын байр бий болох боломжтой


О.Дөлгөөн


Өнөөдөр (2026.10.06) Дэлхийн банкны групп, Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хувийн хэвшлийн шинжилгээ” (CPSD) тайлангийн нээлт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. 

Форумын үеэр Монгол Улс дунд орлоготой орнуудын эгнээн дэвшиж гарсан хэдий ч эдийн засаг нь уул уурхайгаас хэт хараат хэвээр байгааг онцлоод, эдийн засгийн төрөлжилтийг дэмжихэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг хэлэлцлээ.  

Дэлхийн банкны группээс бэлтгэсэн тус тайланд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах хамгийн өндөр потенциалтай гурван гол салбарыг тогтоосныг танилцуулав. Үүнд тогтвортой ноолуур, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний шилжилтэд нэн чухал шаардлагатай ашигт малтмалын салбарууд багтаж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт татахын тулд Цахилгаан худалдан авах гэрээ (PPA)-ний тогтвортой байдал, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох шаардлагатай байна. Мөн уул уурхайн хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдад таамаглахуйц, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх, лиценз шилжүүлэх болон татварын зохицуулалтыг ойлгомжтой болгох нь чухал байгааг салбарын мэргэжилтнүүд тэмдэглэлээ. 
 

Хайгуулын чиглэлээр хувийн хэвшлийн хуримтлагдах хөрөнгө оруулалт 200-500 сая ам.доллар байх ба хайгуулын үйл ажиллагаа нэмэгдсэнээр 700-1,400 шууд болон шууд бус, дам ажлын байр бий болох юм. Хэрэв шинэчлэлийн үр дүнд орд газрууд амжилттай нээгдвэл цаашид явагдах уурхайн бүтээн байгуулалт нь нэмэлт жил тутам 1-2 тэрбум ам.долларын орлого олох, 40,000-90,000 ажлын байр бий болгох боломжтой.  

Стратегийн орд гэж тодорхойлоход баримтлах бодит, ил тод шалгуурыг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой болгож, төрийн эзэмшилд оролцох нөхцөл хэзээ, хэрхэн үүсэх талаарх тодорхой бус байдлыг бууруулах шаардлагатайг зөвлөсөн байна.  Хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд татвар ногдуулахдаа хоорондоо хамааралгүй талуудын хооронд бодитоор хийгдсэн хэлэлцээрийн үнийг үндэс суурь болгон ашиглах үнэлгээний зарчмыг нэвтрүүлж, татварын дараах орлогын хэмжээнд үүсэх тодорхой бус байдлыг бууруулах хэрэгтэй.

Хуралдааны төгсөлд оролцогчид бодлогын чанартай саад тотгорыг арилгаж, бодит хэрэгжилтэд анхаарах нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах гол түлхүүр мөн гэдэгтэй санал нэгдэв.