
Ч.Сансар
Энэтхэгийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч NTPC компани өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг хангахын тулд хувийн компаниудаас нүүрс худалдан авалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэтхэгт нүүрсний цахилгаан станцууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн ч есдүгээр сард цахилгааны хомсдол сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
NTPC компани дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч төрийн өмчит Coal India компаниас ихэвчлэн нүүрс худалдан авдаг. Тус компанийн нүүрсний нөөц 18 сая тонноос 5.5 сая тонн болж буурчээ. Цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэж, нүүрс олборлодог бүс нутагт аадар бороо орсны улмаас дотоодын нийлүүлэлт буурсан нь ийнхүү хүндрэл учруулсан байна. NTPC хувийн компаниудтай 15 сая хүртэл тонн нүүрс худалдан авах талаар хэлэлцэж байна. Мөн өөрийн уурхайн 50 сая орчим тонн нүүрсийг ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол ирэх оны эхээр цахилгааны хомсдол эрс нэмэгдэнэ гэж NTPC үзэж байна. 2026/27 онд NTPC нүүрсний хэрэглээгээ одоогийн 270–280 сая тонноос 300 сая тонн орчимд хүргэх төлөвтэй байна.
Энэтхэгийн цахилгаан станцуудын бараг 47%-д дөрөв хүрэхгүй хоногийн нөөц үлдсэн байна. Нүүрсний хомсдолын улмаас Энэтхэгийн Засгийн газар импортын нүүрсийг дотоодын нүүрстэй заавал хольж хэрэглэх шаардлага тавих асуудлыг хэлэлцэж байгаа талаар Ройтерс өнгөрсөн сард мэдээлсэн. Үүний зэрэгцээ Энэтхэгийн Нүүрсний яам даваа гарагт мэдээлэхдээ, нүүрс олборлодог бүс нутагт аадар бороо орсны дараа Coal India цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлсэн гэжээ. Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа ч нүүрс тус улсын эрчим хүчний системд чухал байр суурь эзэлдэг билээ.
Эх сурвалж: Reuters