
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг өнөөдөр (2026.10.08) анхны хурлаа хийлээ. Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир ахлахаар болов.
Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгарч буй асуудлуудыг урт, дунд, богино хугацаагаар эрэмбэлэн шуурхай шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн наймдугаар сарын 10-нд бүтээн байгуулалтын талбайд биечлэн ажиллаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авсан билээ. Тухайн үед санхүүжилт болон эрх зүйн орчны гацаанаас шалтгаалж 20 гаруй хувьтай байсан бүтээн байгуулалтын явц өдгөө УИХ-аар холбогдох хуулиуд батлагдсаны үр дүнд 60 орчим хувьтай үргэлжилж байна.
"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хөгжлийн төлөвлөгөөг яаманд хүргүүлжээ. Мөн ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, гадаадаас инженерийн баг авч ажиллуулах зэрэг ажилд ахиц гарч байгааг онцлов. Түүнчлэн үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс сайтар төлөвлөх шаардлагатайг анхаарууллаа.
Шатахууны хомсдол, үнийн өсөлтөд үзүүлж буй гадаад хараат байдлыг бууруулахын тулд уг үйлдвэрийн ажлыг аль болох хурдацтай урагшлуулах шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх зорилгоор 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн бөгөөд тэдгээр байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар болжээ. Дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх хүрээнд суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж дэмжихийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш шатахууны хэрэглээний 50-55 хувийг хангаж, эдийн засгийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Одоогоор үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд суурилуулагдаж, угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Эх сурвалж: МУЗГ