
Т.Бямбанаран
Чилийн хамгийн том зэсийн уурхайнуудад олборлолтын 5.2% нь эрсдэлд орох нөхцөл бүрджээ. Ажил хаялт, цаг агаарын хүнд нөхцөл, осол аваар болон геологийн хүндрэлүүдийн улмаас ийнхүү олборлолт буурах эрсдэл нүүрлэсэн байна. Шинээр гаргасан үнэлгээнээс үзвэл тус улсын хамгийн өндөр эрсдэлтэй уурхайн 10 тонн зэс тутмын бараг нэг тонн нь тасалдалд өртөх эрсдэлтэй болжээ.
“GEM Mining Consulting” компаниас анх удаагаа боловсруулан гаргасан “Үйлдвэрлэлийн эрсдэлийн индекс”-ээр Чили улсад үүсэж болох найман төрлийн эрсдэлийг харгалзан үзжээ. Ингэхдээ 14 томоохон зэсийн уурхайн үйл ажиллагааг үнэлсэн байна. Тус индексээр үйлдвэрлэлийн эрсдэлийн түвшин 2.6%-9%-ийн хооронд хэлбэлзсэн байдалтай гарчээ. “El Teniente” уурхайд үүсэж болох эрсдэл хамгийн өндөр буюу 9%-тай байсан бол “Los Pelambres” уурхайд 8%, “Escondida”-д 7.5%-ийн үзүүлэлттэй байна.
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад уул уурхайн үйл ажиллагаа сүүлийн хэдэн сарын турш тасалдсаны дараа дээрх үнэлгээг хийсэн байна. “Antofagasta” компанийн нэгэн уурхайн ажилчид энэ долоо хоногт хугацаагүй ажил хаялт эхлүүлсэн бол BHP группийн “Escondida” уурхайд хүний амь нас хохирсон осол гарч, улмаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн хүчтэй шуурганы улмаас зарим уурхайн үйл ажиллагаа доголдсон байна.
Энэхүү индекс нь уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тэр бүр тусдаггүй нэгэн чухал асуудлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэхийг зорьжээ. Өөрөөр хэлбэл, уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа үйл ажиллагаа ерөнхийдөө төлөвлөсний дагуу үргэлжилнэ гэж тооцдог. Гэвч хөдөлмөрийн маргаан, цаг агаарын нөхцөл, осол гэмтэл, геологийн хүндрэл болон баяжуулалт, боловсруулалтын асуудал зэрэг олон хүчин зүйл үйлдвэрлэл тасалдахад хүргэдэг.
Эх сурвалж: Mining.com