
О.Дөлгөөн
Монгол Улс ураны арвин нөөцтэй ч энэ баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тогтвортой экспортын бүтээгдэхүүн болгож чадсан түүх өнөөдрийг хүртэл богино байна. Албан ёсны мэдээллээр манай улс 144,620 тонн батлагдсан болон боломжит ураны нөөцтэй бөгөөд геологийн таамаг нөөц нь үүнээс хэд дахин өндөр байж болзошгүй. Гэвч 1995 онд Дорнодын уурхай зогссоноос хойш Монгол Улс ураны олборлолтыг бодит үйлдвэрлэлийн түвшинд сэргээж чадалгүй өдийг хүрсэн юм.
Өдгөө энэ зураг өөрчлөгдөж байна. Зөөвч-Овоогийн төсөл үйлдвэрлэлд шилжихийн өмнөх шатанд ирсэн бол Дорнод, Гурванбулаг болон бусад ордын эргэн тойронд өмнө нь үүссэн Орос, Хятад, Франц, Чехийн ашиг сонирхол давхардаж байна. Өөрөөр хэлбэл Монголын ураны салбар зөвхөн уул уурхайн шинэ төсөл биш, цөмийн түлшний дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ямар байр суурь эзлэх вэ гэдэг геополитикийн асуудал болж байна.
Зөвлөлтийн үеэс эхэлсэн ураны түүх
Монголын ураны хайгуул ЗХУ-ын оролцоотойгоор 1950-иад оноос эрчимжиж, тухайн үеийн мэдээллээр хайгуул, судалгаанд 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
Монгол Улсад ураны хайгуулын түүх 1950-иад оноос эхэлдэг. Тухайн үед ЗХУ-тай хамтран хэрэгжүүлсэн геологийн судалгааны хүрээнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Дорнод, Гурванбулагийн бүсэд ураны анхны илрэлүүдийг тогтоожээ. 1960-аад оноос хүрэн нүүрсний ордуудтай холбоотой ураны олон тооны илрэл бүртгэгдэж, улмаар 1970-1990 онд Монголын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт өргөн хүрээний геологийн судалгаа хийгдсэн байна. Эдгээр судалгаанд үндэслэн Монгол Улсыг дөрвөн ураны мужид хувааж, есөн орд, 100 орчим ураны илрэл тогтоосон байдаг. Монгол-Приаргуны ураны муж нь Дорнод, Гурванбулаг зэрэг зүүн болон зүүн хойд бүсийн гол ордуудыг хамардаг бол Говь-Тамсагийн мужид Сайншандын сав газар, тэр дундаа Зөөвч-Овоо зэрэг тунамал гаралтай ордууд багтдаг.

Тэр үеийн хайгуул зөвхөн геологийн судалгаагаар хязгаарлагдсангүй. Дорнодын ордыг түшиглэн бодит олборлолт эхэлж, Монголын ураны салбар анх удаа экспортын үйлдвэрлэлийн хэлбэрт шилжсэн юм. Дорнодын ил уурхай болон далд уурхайн хүдрийн биетээс 1988-1995 онд олборлолт явуулж, хүдрийг Сибирийн Краснокаменск хот руу төмөр замаар тээвэрлэн боловсруулдаг байв. Энэ хугацаанд ил уурхайгаас 535 орчим тонн уран олборлосон байна. Тухайн үед Дорнодын уурхайн ажилчдыг дагасан Мардай тосгон бий болж, 1970-аад онд хэдэн мянган оршин суугчтай, худалдаа үйлчилгээ, дэд бүтэц бүхий уурхайн хотхон болж хөгжсөн. Харин олборлолт зогссоноор Мардай аажмаар эзгүйрч, төмөр зам болон дэд бүтцийн ихэнх хэсэг нь үгүй болсон юм. Ингэснээр Монголын ураны салбарын анхны мөчлөг Зөвлөлтийн оролцоотой эхэлж, мөн л Зөвлөлтийн зах зээл, боловсруулалтын сүлжээнд түшиглэн дууссан түүхтэй.
Төр ураны салбарт орж ирсэн нь
Ураны салбарын дараагийн үе шат Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эхэлсэн ч 2000-аад оны сүүлээр эрчимжив.
2008 онд Ашигт малтмал, эрчим хүчний яам байгуулагдаж, 2009 оны эхээр Ерөнхий сайдын шууд харьяалалд Цөмийн энергийн газар байгуулагдав. Мөн онд төрийн нэрийн өмнөөс ураны хайгуул, олборлолтын чиглэлээр ажиллах “Мон-Атом” ХХК байгуулагдсан. Улмаар 2009 оны долдугаар сард Цөмийн энергийн тухай хууль батлагдаж, ураны салбарт төрийн оролцоо, хяналтыг эрс нэмэгдүүлсэн юм. Тухайн үеийн зохицуулалтаар улсын төсвийн хөрөнгөөр ураны эрдэсжилтийг илрүүлсэн тохиолдолд Засгийн газар тухайн төсөл болон хамтарсан үйлдвэрийн 51-ээс доошгүй хувийг, улсын төсөв ашиглаагүй тохиолдолд 34-өөс доошгүй хувийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй байхаар хуульчилсан байдаг.
Энэ зохицуулалт нь Монгол Улсын ураны салбарт төрийн оролцоог институцийн түвшинд баталгаажуулсан ч гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол, Монголын талын стратегийн ашиг сонирхол хоёрын огтлолцлыг улам тодруулсан юм.
Дорнод: Ураны хамгийн том маргаан
Канадын “Khan Resources” компани Дорнодын төслийн 69 хувийг эзэмшиж байсан бөгөөд 2009 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр 24,780 тонн тогтоогдсон нөөцөд тулгуурлан жилд 1,150 тонн уран үйлдвэрлэх боломжтой гэж тооцсон байна. Гэвч 2010 онд тус компани төслийн хувьцаагаа Хятадын төрийн өмчит байгууллагад худалдах санал гаргасны дараа Монголын талтай маргаан үүсэж, лицензийг нь хүчингүй болгосон. Үүний улмаас “Khan Resources” Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгч, олон жил үргэлжилсэн маргаан 2016 онд Монгол Улс 70 сая ам.доллар төлж эвлэрснээр өндөрлөсөн юм. Энэ хэрэг Монголын ураны орд газар зүйн хувьд хаана байгаагаас гадна хэн эзэмших, ямар улсын хөрөнгө оруулалт оролцох, стратегийн ашигт малтмалын төслийн эцсийн хяналт хаана байх вэ гэдэг асуудал болохыг харуулсан.

Дорнод аймгийн төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайд орших Гурванбулагийн орд мөн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлын төвд байсаар ирсэн. Зөвлөлтийн үед уг ордод 560 метрийн гүнд хүрсэн далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж, үйлдвэрлэл явуулахад ойртсон байжээ. Канадын "Western Prospector Group" компани хайгуул хийж байгаад 2009 онд төслөө Хятадын "CNNC International" компанид 25 сая ам.доллараар худалдсан байна.
Монголын тал хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр лицензийг нь түр түдгэлзүүлж байсан ч 2012 оноос төслийг хамтран хөгжүүлэх хэлэлцээ үргэлжилж, Засгийн газар 51 хувь, CNNC International 49 хувь эзэмших хувилбар яригдсан. Харин Монголын ураны өөр нэг чиглэлд Чехийн хөрөнгө оруулалт орж ирсэн юм. Канадын "Denison Mines" компани “Гурвансайхан” хамтарсан үйлдвэрийн 85 хувийг эзэмшиж байгаад 2015 онд хувьцаагаа Чехийн ураны салбарын "Czech Uranium Industry" компанид шилжүүлэхээр тохиролцжээ. Улмаар тухайн оны зургадугаар сард Мон-Атом болон Чехийн тал хамтран “Мон-Чех Уран” хамтарсан үйлдвэр байгуулсан байна. Дундговь аймагт орших Хайрхан ордод 7,600 тонн тогтоогдсон нөөц, Хараат ордод 2,470 тонн боломжит нөөц тогтоогдсон бөгөөд эдгээр ордод газар доор уусган олборлох технологийн туршилт хийж, жилд 500 тонн уран олборлох зорилт тавьж байв.
Францын шинэ гараа: Зөөвч-Овоо

Энэ үеийн хамгийн том төсөл нь Сайншандын сав газарт төвлөрчээ. Францын “Orano” компани Монголд 1997 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2017 онд “Мон-Атом”-той хамтран Зөөвч-Овоог хөгжүүлэх “Бадрах Энержи” компанийг байгуулсан. Тус компани 2021-2022 онд газар доор уусган олборлох технологийг ашиглан туршилтын олборлолт хийсэн. Одоогийн төлөвлөгөөгөөр жилд 2,500 тонн уран олборлож, үйлдвэрлэлийг 30 орчим жил үргэлжлүүлэхээр тооцож байгаа бөгөөд 2028 онд олборлолтыг эхлүүлэх зорилт тавьсан байна.
Сайншанд хотоос урагш 130 орчим километрийн зайд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо орд нь 93,291 тонн ураны нөөцтэй. Мөн ордын баруун хэсэгт орших Дулаан уулын ордод 11,896 тонн ураны боломжит нөөц тогтоогджээ. Хэрэв энэ төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжвэл Монгол Улс 1995 оноос хойш тасарсан ураны олборлолтоо дахин эхлүүлж, дэлхийн ураны нийлүүлэлтийн сүлжээнд экспортлогчийн байр сууринаас эргэн орох боломжтой.
Ийнхүү Монголын ураны газрын зураг дээр Зөвлөлтийн үеэс эхэлсэн Оросын оролцоо, Зөөвч-Овоогоор дамжин хүчээ авсан Францын сонирхол, Дорнод болон Гурванбулагийн төслүүдтэй холбоотой Хятадын оролцоо, төвийн бүсийн төслүүд дэх Чехийн сонирхол зэрэг олон давхар ашиг сонирхол бий болжээ.
Мардайн уурхайн балгас Монголын ураны анхны мөчлөг хэрхэн дууссаныг сануулсаар байна. Харин Зөөвч-Овоо 30 гаруй жилийн дараа ураны салбарын шинэ мөчлөгийг эхлүүлэх гэж байна.
