
О.Дөлгөөн
Дэлхийн эрчим хүчний нүүрсний экспорт хоёр дахь жилдээ дараалан буурах хандлагатай байгаа ч шингэрүүлсэн байгалийн хийтэй (LNG) харьцуулахад харьцангуй хямд (сүүлийн 4 жилд байгаагүй үнийн зөрүүтэй болсон) байгаа тул энэ оны төгсгөлд нүүрсний нийлүүлэлт эргэн сэргэх төлөвтэй байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Азийн зах зээл
Австралийн жишиг эрчим хүчний нүүрсний экспорт Азид нийлүүлэгдэж буй шингэрүүлсэн байгалийн хийнээс даруй 80 орчим хувиар хямд байна.
Австрали нүүрсний үнэ: Ньюкасл боомтын экспорт 1 тонн нь 143 ам.доллар (ойролцоогоор 5.40 ам.доллар/MMBtu).
Шингэрүүлсэн байгалийн хийн үнэ: Азид нийлүүлэгдэх LNG-ийн ханш 25.00 ам.доллар/MMBtu.
Индонези нүүрсний үнэ: Дэлхийн хамгийн том эрчим хүчний нүүрс экспортлогч Индонезийн нүүрс Австралийнхаас нэгж бүрт доод тал нь 1 ам.доллароор хямд байдаг.
Жилийн IV улирал бол өвлийн халаалтын улмаас цахилгаан станцууд түлшний нөөцөө нэмэгдүүлдэг тул Азид нүүрсний эрэлт хамгийн дээд цэгтээ хүрдэг үе юм. Үнийн ийм өндөр зөрүү нь эрэлтийн оргил үетэй давхцаж байгаа нь жилийн сүүлчийн долоо хоногуудад нүүрсний экспортын хэмжээг огцом өсгөх хөшүүрэг болж байна.
“Kpler”судалгааны байгууллагын мэдээллээс харахад, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд VII–IX сард 122 сая тонныг импортолсон бол оргил үе болох X–XII саруудад дунджаар 143 сая тонныг импортолдог. Энэ нь сүүлчийн улиралд импортын хэмжээ 20 орчим сая тонноор өсөх боломжтойг харуулж байна.
Харин экспортлогч орнууд болох Индонези, Австралийн хувьд Индонези сүүлийн улиралд дунджаар 137 сая тонн (2026 оны III улиралд 107 сая тонн байв), Австрали дунджаар 55 сая тонн (2026 оны III улиралд 52 сая тонн байв) нүүрс тус тус экспортлодог. Энэ хоёр улсын сүүлчийн улирлын нийт экспорт өмнөх улирлаас даруй 30 орчим сая тонноор өсөх боломжтой.