
Ч.Сансар
Энэтхэг улс гангийн салбарт барих бодлогын төслийг олон нийтэд танилцууллаа. Уг бодлогоор ган үйлдвэрлэх хүчин чадлыг одоогийн 220 орчим сая метр тонноос 2047 он гэхэд 604 сая метр тоннд хүргэх зорилт тавьжээ.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улс гангийн салбараас ялгарах хүлэмжийн хийг бууруулж, төмрийн хүдэр, коксжих нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг төлөвлөж байгааг Ройтерс агентлаг онцолжээ.
Шинэ бодлогын хүрээнд Энэтхэг улс нэг тонн түүхий ган үйлдвэрлэхэд ялгарах нүүрсхүчлийн хийг одоогийн 2.54 тонноос 2047 он гэхэд 1.54 тонн орчим болгон бууруулахыг зорьж байна. Энэ нь 2070 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх Энэтхэгийн зорилттой нийцэж байгаа билээ.
Энэтхэгийн Гангийн яам төмрийн хүдрийн хэрэгцээ 772 сая тоннд хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд гадаадад уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах замаар өндөр чанартай түүхийн эдийн нийлүүлэлтийг найдвартай болгохоор төлөвлөж байна.
Мөн коксжих нүүрсний хэрэгцээ 236 сая тоннд хүрнэ гэж Гангийн яам таамаглаж байна. Засгийн газар нүүрсний эх үүсвэрээ төрөлжүүлж, гадаадад хөрөнгө оруулж, нүүрсний орд худалдан авах бодлоготой байгаа гэж тус бодлогын төсөлд дурдсан байна хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.