Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын холбоо критикал минералын салбарт Вьетнамтай түншилнэ

Ч.Сансар

Европын холбоо Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд Вьетнамаас критикал минералын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа Ройтерс агентлаг мэдээллээ.

Вьетнам нь вольфрам, газрын ховор элемент, сурьма, висмут, боксит зэрэг чухал ашигт малтмалын ихээхэн нөөцтэй. Одоогоор Европын холбоо Вьетнамаас голчлон вольфрам, сурьма импортолж ирсэн. Эдгээр хоёр ашигт малтмалыг сум болон тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашигладаг.

Ханойд суугаа Европын холбооны төлөөлөгчийн газраас бэлтгэсэн баримт бичигт “Европ батлан хамгаалах чадавхаа аль болох хурдан бэхжүүлэх шаардлагатай байгаа энэ үед газрын ховор элемент, ялангуяа вольфрамын арвин нөөцтэй Вьетнамд анхаарлаа хандуулахгүй байх эрх Европын холбоонд байхгүй” гэж өгүүлжээ.

2026 оны 6 дугаар сарын Европын холбооны тайланд вольфрам, висмут, сурьма, титаны нийлүүлэлтийг баталгаажуулахын тулд Вьетнамын уул уурхай, боловсруулах салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ. Мөн түнш орнуудын өрсөлдөөнөөс болж Европын холбооны нийлүүлэлт тасалдаж болзошгүйг анхааруулсан байна.

Нэг баримт бичигт Вьетнамын удирдагч То Ламын ирэх долоо хоногт Брюссельд хийх айлчлалын үеэр тодорхой үр дүнд хүрэхийг Европын холбооны байгууллагуудад уриалжээ. Вьетнамын удирдагч 10 дугаар сарын 22-нд Европын холбооны удирдагчидтай уулзах төлөвтэй байгаа ч айлчлалыг албан ёсоор зарлаагүй байна.

Вьетнам нь түүхий эдийн салбарт Европын холбооны стратегийн 16 түнш орны тоонд ордоггүй. Ирэх долоо хоногийн уулзалтаар чухал ашигт малтмалын асуудлыг нухацтай ярихаар төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо Вьетнамыг “татварын диваажин” гэж үздэг орнуудын хар жагсаалтаас хассан байна. Мөн Вьетнам 2019 онд байгуулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрийг соёрхон батлахыг Европын холбооны орнуудад уриалсаар байгаа.

Европын холбоо Вьетнамын чухал ашигт малтмалын төслүүдийг хөгжүүлэх, нөөцийг илүү нарийвчлалтай тогтоох зорилгоор зээл, буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг, экспортын зээлийг даатгах үйлчилгээ үзүүлэхийг санал болгожээ.

Мөн Вьетнамын чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулахад учирч болох эрсдэлүүдийн талаар тус баримт бичигт анхааруулжээ. Жишээлбэл Хятадын оролцоо, хууль эрх зүйн болон улс төрийн саад бэрхшээлүүд, Вьетнамын "эдийн засгийн үндсэрхэг үзэл" буюу технологи шилжүүлэх шаардлага гэх мэт эрсдэлүүд байгаа ажээ.