Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ: БОЛОМЖ БА СОРИЛТ” ОЛОН УЛСЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Т.Бямбанаран

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран “Чухал ашигт малтмал: Боломж ба сорилт” олон улсын дугуй ширээний бага хурал, хамтын ажиллагааны семинарыг 2026 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хоёр өдрийн энэхүү арга хэмжээнд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын бодлого, стратеги, олон улсын зах зээлд холбогдох боломж, судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.

МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэл хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Дөрвөн жилийн өмнө Монголын Чухал ашигт малтмалын ассоциацийн санаачилгаар МГТИС, МУИС болон ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан жил болгоны хавар семинар зохион байгуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард дөрөв дэх семинараа зохион байгууллаа. Семинарын хүрээнд салбарын яамд, төр, хувийн хэвшлийн үйлдвэр, ААН-үүд, судлаач, эрдэмтэд цугларч, санал бодлоо солилцдог. Өнөөдрийн дугуй ширээний бага хурал бол энэхүү уламжлалын үргэлжлэл байгаад зогсохгүй шинэ шатны эхлэл гэж харж байна. Хурлаас гарах санал, зөвлөмжийг шийдвэр гаргагч төрийн байгууллагууд, ААН, хөрөнгө оруулагчид болон судалгаа шинжилгээний байгууллагуудад хүргэхийг зорьж байгаа. 

Чухал ашигт малтмал нь дэлхий дахины эдийн засаг, технологи, геополитикийн гол сэдэв болж байна. Энэ хүрээнд дан ганц нөөцийн асуудал биш, байгаль орчин, нийгмийн хариуцлага, ил тод байдлын асуудал давхар хөндөгдөнө. Улс орнууд бодлого, стратегиа шинэчилж, критикал минералын жагсаалтаа батлан, аль нэг улсаас хэт хамааралтай байдлаа бууруулахыг зорьж буй. Түүхий эдийн нийлүүлэлтийг төрөлжүүлэх, найдвартай хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Мөн дэлхийн улсууд чухал ашигт малтмалын үндэсний стратеги зорилтоо гаргаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Манай улсын тухайд Гуравдагч хөршийн бодлого уг салбарт бодитойгоор хэрэгжинэ гэж итгэж байна” гэлээ. 

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ нээлтийн үгэндээ, “Монгол Улсын эдийн засгийн 30-аад хувь нь уул уурхайн салбараас хамаарч байгаа. Чухал ашигт малтмалын ач холбогдол дэлхий даяар өргөжин тэлж буй өнөө үед манай улс олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын ховор элемент, критикал минералын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологи, инновацыг нэвтрүүлэхэд Засгийн газар бодлогоор дэмжин ажиллана. Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд Монгол-Германы Засгийн газар хоорондын комиссыг ахлан ажилладаг бөгөөд хоёр орны зөвлөлдөх уулзалт ирэх 12 дугаар сард болох төлөвтэй байгаа. Энэ үеэр ч бас чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа. 

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф, “Герман улс Монголын чухал ашигт малтмалын салбарт өрнөж буй эерэг өөрчлөлтийг сайшаан хүлээн авч байгаа. Мөн харилцан ашиг сонирхол, бие биеэ нөхөх мэргэжлийн чадавх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг урт хугацаанд дэмжих хамтын ажиллагааны өргөн боломж бий гэж үзэж байна.

Бидний зорилго тодорхой. Монгол Улсын геологийн нөөц, баялгийн боломжийг бодит төсөл, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт, ажлын байр болгон хувиргаж, эх орондоо бий болгох нэмүү өртгийг нэмэгдүүлэх явдал юм. Үүнд хүрэхийн тулд Монгол Улсад хөрөнгө оруулагчид, технологийн түншүүд, чадварлаг хүний нөөц, бизнесийн таатай зохицуулалтын орчин шаардлагатай. Герман улс нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг зорьж буй энэ цаг үед Монголын уул уурхайн салбарт Германы хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ гэж найдаж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт аяндаа бий болчихдоггүй гэдгийг бид ухамсарлах хэрэгтэй. Ялангуяа түүхий эдийн салбарт шаардлагатай их хэмжээний хөрөнгө оруулалт нь зохих нөхцөл бүрдсэн эсэхээс шууд хамаарна. 

Герман улс ашигт малтмалын салбар дахь эрдмийн солилцоо, хүний нөөцийн хөгжлийг олон жилийн турш дэмжиж ирсэн. Учир нь шинжлэх ухаан болон боловсролын салбар нь уул уурхайн ирээдүйн хөгжлийн үндэс юм. Судалгаа, инновацаар дамжуулан байгалийн баялгийг илүү үр ашигтайгаар судлах, түүхий эдийг хэмнэлттэй ашиглах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, илүү цэвэр технологиор боловсруулах боломж бүрдэнэ” гэлээ. 

Дугуй ширээний бага хурлын эхний өдөр Монгол Улсын чухал ашигт малтмалын гадаад бодлого, стратегийн нөөцийн удирдлага, Европын хэтийн төлөв, Герман руу чиглэсэн газрын ховор элементийн нийлүүлэлтийн боломж, олон улсын сайн туршлага, салбарын оношилгооны арга хэрэгсэл зэрэг сэдвийг хөндөж, чухал ашигт малтмалын нөөцөөс стратегийн өртгийн сүлжээ бий болгох асуудлаар панел хэлэлцүүлэг өрнөлөө.

Харин хоёр дахь өдрийн хамтын ажиллагааны семинар нь Монголын Чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төв (Research and Innovation Hub, R&I Hub)-ийн үзэл баримтлалыг хамтран боловсруулахад чиглэх аж. Оролцогчид Монгол, ХБНГУ болон бусад орны их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны туршлагад тулгуурлан судалгаа, инновацын түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцэх юм.

Энэхүү санаачилга нь чухал ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлыг зөвхөн бодлогын түвшинд хэлэлцэхээс гадна судалгааны байгууллага, их сургууль, аж үйлдвэрийн салбар болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бодитой хөгжүүлэх, цаашдын хамтарсан судалгаа, инновацын төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа ач холбогдолтой.