Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Mongolian Mining Corporation"-ийн III улирлын нүүрс олборлолт 8%-иар өслөө 

О.Дөлгөөн


Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" (HKEx: 975) компани 2026 оны 9 дүгээр сарын 30-наар дуусгавар болсон III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд коксжих нүүрсний олборлолт болон алтны салбарын өсөлт идэвхтэй үргэлжилсэн байна.

Коксжих нүүрсний салбарт үйлдвэрлэл өсөж, хилийн тээвэр буурав

БНХАУ-ын зах зээлд дотоодын нийлүүлэлт хязгаарлагдсанаас шалтгаалан коксжих нүүрсний үнэ хүчтэй сэргэсэн байна. Гэсэн хэдий ч хилийн боомтын нэвтрэлт түр буурчээ.

III улиралд Ухаа Худаг болон Баруун Наран уурхайгаас 4.79 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өмнөх улирлаас 8%, өмнөх оны мөн үеэс 33%-иар өссөн үзүүлэлт юм. Тайлант улиралд 1.99 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх улирлаас 26%, өмнөх оны мөн үеэс 13%-иар буурсан байна.

Ганцмод боомтоор хил нэвтэрсэн нүүрсний машин өдөрт дунджаар 897 болж буурсан (өнгөрөгч улиралд 1,366 байсан). Гэсэн хэдий ч 2026 оны эхний 9 сарын өдрийн дундаж нэвтрэлт (1,177 машин) нь 2025 оны дунджаас 15%-иар өндөр хэвээр байна.

Баянхөндийн үйлдвэрлэл огцом өсөв

2025 оны 9 сард ашиглалтад орсон Баянхөндий алтны уурхайн үйл ажиллагаа жигдэрч, компанид тодорхой хэмжээний орлогын дэмжлэг үзүүлж байна.

Энэ улиралд 414.9 мянган тонн хүдэр олборлосон нь өмнөх улирлаас 68%-иар өссөн байна. Тайлант хугацаанд нийт 11,853 унц алт борлуулж, нэг унц алтны дундаж үнэ 4,315 ам.доллар байв. Үйлдвэрлэл эхэлснээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа тул өмнөх оны мөн үетэй харьцуулахад алтны борлуулалт 3,366%-иар нэмэгджээ.