
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран “Чухал ашигт малтмал: Боломж ба сорилт” олон улсын дугуй ширээний бага хурал, хамтын ажиллагааны семинарыг 2026 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хурлын үеэр МГТИС-ийн Эрдэс баялаг, боловсруулалтын инженерийн дэд профессор Т.Пүрэв-Очир, “Монгол Улсын хэмжээнд баяжуулалтын түвшинд хэд хэдэн их сургууль үйл ажиллагаа явуулж, инженер, боловсон хүчнийг бэлдэж байна. Харин боловсруулалт болон гүн боловсруулалтын чиглэл хязгаарлагдмал байгаа. Энэ салбарт хүний нөөцийн асуудал аль хэдийн үүсчихсэн гэхэд болно.
Тиймээс манай улс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн өндөр хөгжилтэй бүс нутгийн, тухайлбал Европын орнуудын мэдлэг, туршлагыг эх орныхоо хөрсөнд нутагшуулж, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой.
Монгол Улс одоогийн байдлаар түүхий эдийг боловсруулахаас илүүтэй баяжуулаад экспортолж байна. Тэгтэл бүтээгдэхүүн боловсруулснаар дэлхий дахины өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх өргөн боломж нээгдэнэ” хэмээн ярилаа.