Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Azzuro Resources “Kerry Group”-ээс 3 сая австрали долларын стратегийн хөрөнгө оруулалт татлаа

О.Дөлгөөн


Австралийн хөрөнгийн биржид (ASX: AZ9) бүртгэлтэй “Azzuro Resources PLC” компани Хонконгт бүртгэлтэй “Kerry Resources Logistics (Hong Kong) Limited” (“Kerry Mining Group”-ийн гишүүн) компанитай стратегийн хөрөнгө оруулалтын Захиалгын гэрээ байгуулснаа албан ёсоор мэдээллээ.

Хэлцлийн хүрээнд “Kerry Mining Group” нь нэгж бүрийг 0.015 австрали доллароор үнэлэн нийт 203,875,000 нэгж CDIs (CHESS Depositary Interests буюу Австрали бирж дээрх хувьцааг төлөөлөх нэгж ) худалдан авч, зардлын өмнөх дүнгээр 3.05 сая австрали доллар ($3,058,125) төвлөрүүлж байна. Хөрөнгө оруулалтын хэлцэл дууссанаар “Kerry Group” нь “Azzuro Resources”-ийн нийт хувьцааны 19.9%-ийг эзэмшиж, тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох юм.

Нэгж CDIs-ийг 0.015 австрали доллароор үнэлсэн нь 2026 оны 10 сарын 13-ны өдрийн сүүлийн хаалтын ханш болох 0.014 австрали доллароос 7%-ийн нэмэгдэлтэй, мөн сүүлийн 15 хоногийн бодит арилжааныдундаж ханш (VWAP)-аас 10%-иар дээгүүр үнэлгээ аж.

Ямбат, Майхан Уул төслүүдийг эрчимжүүлнэ

Энэхүү санхүүжилт нь тус компанийн эзэмшиж буй “Red Hill” (Майхан Уул) зэс-алт (галт уулын гаралтай массив сульфид VMS)-ны төсөл болон “Oval” (Ямбат) зэс-никель-PGE (цагаан алтны бүлгийн металлууд) ордын нөөцийг нарийвчлан тогтоох, металлурги, анхны арилжааны судалгааг бүрэн санхүүжүүлэх юм.

Захиалгат хувьцааг олгоход ASX-ийн Жагсаалтын журмын 7.1 ба 7.1A дагуу одоо байгаа лимитийн хүрээнд шийдвэрлэж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах шаардлагагүй. “Kerry Group” нь компанид 15-аас доошгүй хувийн ашиг сонирхлын оролцоогоо хадгалж байгаа хугацаанд Төлөөлөн Удирдах Зөвлөлд (ТУЗ) нэг гишүүн нэр дэвшүүлэх эрхтэй боловч одоогоор гишүүн томилохгүй гэдгээ мэдэгдээд байна.