
О.Дөлгөөн
Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Онтре Ресурс” (“Entrée Resources”) (TSX: ETG) компани нэг нь 2.90 канад доллар бүхий 11 сая хүртэлх нэгж хувьцааг зуучлагчгүйгээр арилжаалж, нийт 31.9 сая канад доллар (CA$31.9M) хүртэлх санхүүжилт босгохоор болсноо зарлалаа.
Уг санхүүжилтийг “Оюу Толгой” ХХК-д хамтарсан үйлдвэрийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг (Шивээ толгой, Жавхлант) шилжүүлэх ажлыг ахиулах, Засгийн газрын Ажлын хэсэгтэй Төрийн эзэмшлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх болон Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд голчлон зарцуулахаар төлөвлөжээ.
Энэхүү хувийн санхүүжилтийн гол хөрөнгө оруулагчаар крипто валютын салбарын гигант "Tether" группийн харьяа компани оролцож байгаа нь салбарынхны анхаарлыг татаж байна.
Санхүүжилтийн бүтэц ба нөхцөл
Хувьцааны багц нь нэг энгийн хувьцаа болон нэг хувьцаа худалдан авах варрантаас бүрдэх бөгөөд варрант эзэмшигч нь гурван жилийн хугацаанд нэг бүрийг нь 3.95 канад доллараар нэмэлт хувьцаа болгон худалдан авах эрхтэй байна. Хэлцлийг 2026 оны дөрөвдүгээр улиралд багтаан эцэслэхээр төлөвлөж байгаа ба Торонтогийн Хөрөнгийн Биржийн зөвшөөрлийг авснаар баталгаажих юм. Санхүүжилтээр олгогдох үнэт цааснууд нь холбогдох хуулийн дагуу дөрвөн сар ба нэг өдрийн хугацаанд арилжаалах эрхгүй байхаар зохицуулагджээ.
Санхүүжилтийг дараах үндсэн чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөж байна:
Шивээ толгой, Жавхлант-ын шиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Оюу Толгой" ХХК-д шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх.
Засгийн газрын Ажлын хэсэг болон төслийн талуудтай хамтран тусгай зөвшөөрлийн талбай дахь Төрийн эзэмшлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх.
Хамтарсан үйлдвэрийн талбайн өөрийн эзэмшлийн хэсэгт хамаарах шинэчилсэн Техникийн тайланг (Technical Report) бэлтгэх.
Тусгай зөвшөөрөл шилжүүлэлтийн асуудлууд шийдэгдмэгц "International Royalty Corporation"-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх шаардлагатай металлын кредитийг бууруулж, барьцаа төлбөрийн тодорхой хэсгийг буцаан олгох.
Гүйцэтгэх захирал Крис Адамсын онцолсноор, бэлэн мөнгөний нөөц бэхжсэнээр Монгол дахь дэлхийн түвшний орд дээрээ суурилан, бусад өндөр чанартай зэс болон чухал металлын төслүүдээс АМНАТ, өгөөж хүртэх замаар корпорацын стратегийг тэлэх боломж бүрэлдэж байгаа юм.