2026 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо “Комацу” брэндийн Төлөөлөгчийн газар байгуулагдсан билээ. Энэ хүрээнд Төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Кэйичи Ёонэхаратай ярилцлаа.

- Монгол Улсын уул уурхайн салбарын зах зээлээс ямар боломж бололцоог олж харж байна вэ?
Нүүрс, зэс, алт зэрэг эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ өссөөр байгаагийн сацуу эрчим хүчний эрэлт ч мөн нэмэгдэж байна. Уул уурхайн салбар өргөжихийн хэрээр хүнд даацын тоног төхөөрөмжийн эрэлт өндөр байгааг бид бодитоор харж байна. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсад ажиллаж буй "Комацу"-гийн тоног төхөөрөмжийн тоо хурдацтай өсөж байгаа. Энэ утгаараа борлуулалтаас гадна борлуулалтын дараах үйлчилгээ (after-sales service) нь бидний хувьд томоохон хариуцлага төдийгүй бизнесийн илүү өргөн боломжийг нээж өгдөг. Тухайлбал, тоног төхөөрөмжийн ашиглалтын бүхий л хугацаанд харилцагчдадаа найдвартай сэлбэг хэрэгсэл, мэргэжлийн засвар үйлчилгээ болон техникийн цогц дэмжлэг үзүүлэх нь Монгол дахь үйл ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэх гол тулгуур багана гэж үзэж байна.
- Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулахад ямар сорилт, бэрхшээлүүд тулгарч байна вэ?
Үнэнийг хэлэхэд Монгол Улс ОХУ болон БНХАУ гэх хоёр их гүрний дунд оршдог газарзүйн онцлог байршил нь тодорхой нөлөө үзүүлдэг. Тухайлбал, түүхий эдийн үнэ, ялангуяа нүүрс болон бусад ашигт малтмалын үнэ ханш Хятад болон бүс нутгийн зах зээлд гарч буй өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Эдгээр хүчин зүйл нь дотоодын бензин шатахууны үнэ, үйл ажиллагааны зардал зэрэг үзүүлэлтэд шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Тиймээс гадаад орчны эдгээр хувьсагчийг сайтар ажиглаж, зөв шийдвэр гаргах нь бидэнд тулгарч буй сорилтуудын нэг яах аргагүй мөн. Түүнчлэн шатахууны үнэ өсөх, логистик болон тээвэрлэлттэй холбоотой саатал үүсэх нь Монголын уул уурхайн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжийн ашиглалтын зардалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
- Эдгээр сорилтыг даван туулахын тулд та бүхэн ямар санаачилга, хамтын ажиллагааны чиглэлд түлхүү анхаарч байгаа вэ?
Бидний голлон анхаарч буй нэг чухал чиглэл бол уламжлалт дизель түлшний хамаарлыг үе шаттайгаар бууруулж, эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх явдал юм.
Одоогоор бид бүрэн цахилгаан, устөрөгч болон бусад дэвшилтэт шинэ эрчим хүчний эх үүсвэрээр ажиллах технологиудыг идэвхтэй судалж байна. Ногоон эрчим хүч рүү шилжих нь салбарын хэмжээнд тодорхой сорилтуудыг дагуулж байгаа ч "Комацу"-ийн хувьд ирээдүйн томоохон боломж бүхий стратегийн чиглэл мөн.
- "Комацу" брэнд олон улсын түвшинд ямар цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
"Комацу" брэнд олон улсад үйл ажиллагаа явуулсан маш баялаг, урт түүхтэй. Өнөөдөр бид дэлхийн олон оронд өөрийн гэсэн үйлдвэр болон төвүүдтэй. Тиймээс бидний дэлхийн хэмжээний үйл ажиллагаа нь зөвхөн Япон улсаас тоног төхөөрөмж экспортлохоор хязгаарлагдахгүй, дэлхийн бусад улс орон дахь үйлдвэрүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг давуу талтай. Өдгөө "Комацу" дэлхийн 150 орчим улсад үйл ажиллагаа явуулж байна.
- Уул уурхайн салбар илүү байгальд ээлтэй, ухаалаг технологи руу шилжиж буй энэ цаг үед "Комацу" ямар шинэ технологиудыг хөгжүүлж байна вэ?
Бид юун түрүүнд автоматжуулалтын түвшинг шат ахиулан нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч байна. Үүнд хүний оролцоог хамгийн бага түвшинд байлгаж, автомат, өөрийн удирдлагатай тоног төхөөрөмжүүд болон зайнаас алсын удирдлагаар ажиллах машин механизм багтаж байна. Үүний зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгаралгүй байх нь бидний хувьд бас нэгэн томоохон стратегийн зорилт юм. Өмнө дурдсанчлан, энэ хүрээнд эрчим хүчний өөр эх үүсвэр, устөрөгчийн түлш болон дотоод шаталтат хөдөлгүүргүй эрчим хүчний шинэ системүүдийг судлан хөгжүүлж байна. Бидний баримталж буй гол бодлого бол автоматжуулалт, зайнаас удирдах технологи болон шинэ үеийн эко эрчим хүчний шийдлүүдийг хослуулан уул уурхайн үйл ажиллагааг илүү аюулгүй, өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэлбэрт шилжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.
- Комацу D155 загварын бульдозерын гол давуу талууд юу вэ?
D155 загвар нь олон жилийн дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж, олон орны харилцагчдын итгэлийг хүлээсэн, гүйцэтгэл болон найдвартай ажиллагаагаараа өндөр нэр хүндтэй болсон техник. Ялангуяа уг бульдозер нь хөрс хуулалт, түрэх (dozing) болон хатуу чулуулгийг сийрүүлж, ухаж задлах (ripping) ажилд онцгой хүчин чадалтай. "Комацу" брэнд энэ ангиллын бульдозерыг олон арван жилийн турш тасралтгүй хөгжүүлж, боловсронгуй болгож ирсэн. Энэхүү арвин туршлага нь бидэнд уг тоног төхөөрөмжид өөрсдийн техникийн өндөр мэдлэг, технологийн давуу талыг бүрэн шингээх боломжийг олгосон юм. Тухайлбал, одоогийн D155 цуврал нь бүтээмж, операторын ажлын тав тух, гүйцэтгэл болон түлшний зарцуулалтын үр ашгийг дээд зэргээр нэмэгдүүлэх орчин үеийн технологиудаар тоноглогдсон байдаг.