Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын Австралиас импортлох нүүрсний хэмжээ сүүлийн 6 жилийн дээд түвшинд хүрэв

Ч.Сансар

Энэ оны есдүгээр сард Хятад улсын Австралиас импортолсон нүүрс нь өмнөх оны мөн үеэс 56%-иар өсөж, 9.81 сая тоннд хүрсэн байна. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн хугацаанд хоёр орны тухайд улс төрийн зөрчилдөөнөөс болж 2021 болон 2022 онд нүүрсний худалдаа бараг зогссон.

Өнгөрсөн тавдугаар сард Хятадын Шаньси мужийн коксжих нүүрсний уурхайд гарсан ослоор хүний амь эрсдэж, улмаар дотоодын нүүрсний нийлүүлэлт хязгаарлагдсаны дараа Хятад улс есдүгээр сард Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлж, 2.43 сая тоннд хүргэв.

Индонезийн нүүрсний экспорт буурснаар Австралийн нүүрс экспортлогчдын ашиг нэмэгдэх болсон. Индонезийн экспортын квот батлах үйл явцад өөрчлөлт гарч, нүүрс олборлолтоор тэргүүлдэг Калимантан мужийн гол мөрний усны түвшин буурсанаас болж нүүрс тээвэрлэлтэд саад учирчээ. Индонезоос импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 32%-иар буурч, 14.62 сая тоннд хүрэв.

Хятад улс нүүрсний нийлүүлэлтийн хомсдлыг нөхөхийн тулд ОХУ-ын нүүрсний импортыг мөн нэмэгдүүлэв. Импорт өмнөх оны мөн үеэс 39%-иар өсөж, 9.43 сая тоннд хүрсэн нь 2024 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Хятадын Монголоос импортолсон нүүрсний хэмжээ есдүгээр сард 8%-иар буурч, 8.56 сая тоннд хүрэв. Гэсэн хэдий ч энэ оны эхний есөн сарын нийт импорт өмнөх оны мөн үеэс 40%-иар өсөж, 86.93 сая тоннд хүрсэн нь Хятадын нүүрсний гол нийлүүлэгч орнуудын дундах хамгийн өндөр өсөлт байлаа.

Дотоодод бэлдсэн нүүрсний хэмжээ хангалттай түвшинд хүрч, Индонезоос нийлүүлэх нүүрсний хэмжээ багассанаас Хятадын нийт нүүрсний импорт есдүгээр сард 6%-иар буурчээ.

Өнгөрсөн сард болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар Хятад улс 2027 болон 2028 онд АНУ-аас жил бүр 10 сая тонн нүүрс импортлохоор тохиролцсон. Энэ нь Хятадын нүүрсний импортын 2%-тай тэнцэх юм.

Бээжин 2025 оны хоёрдугаар сард хариу арга хэмжээ болгон АНУ-ын нүүрсэнд 15%-ийн импортын тариф ногдуулснаас хойш Хятад улс АНУ-аас нүүрс бараг импортлоогүй. 2026 оны эхний есөн сард АНУ-аас ердөө 29,663 тонн нүүрс импортолсон нь 2025 оны мөн үед бараг 12 сая тоннд хүрч байсантай харьцуулахад эрс бага үзүүлэлт юм.