
О.Дөлгөөн
Саяхан “Жоншт Толгойн” хайлуур жоншны төслийн ашиглалтын эрхийг худалдан авах боломжийг судалж эхэлснээ зарлаад байсан Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Luda Technology Group Limited” (NYSE American: LUD) компани Монгол-Хятадын нүүрсний худалдааны бизнест албан ёсоор нэвтэрч байгаагаа зарлалаа.
Тус компани Хятадын талын хоёр худалдан авагчтай нэг жилийн хугацаанд нийт 440 мянган тонн Монголын эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу харилцагч тус бүрт 220 мянган тонн нүүрс нийлүүлэх бөгөөд эхний хуваариар 2026 оны 11 дүгээр сарын 30 гэхэд 40 мянган тонн, үлдэгдэл 400 мянган тонныг 2027 оны 10 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд нийлүүлэх юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эрчим хүчний нүүрс татан авна
Дээрх хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд “Luda Technology Group” нь Монголын нэгэн компанитай ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь ордоос гаралтай эрчим хүчний нүүрсийг худалдан авч, Хятадын хоёр худалдан авагчид зуучлан нийлүүлэх аж.
Талуудын байгуулсан гэрээгээр нийлүүлэх болон худалдан авах нүүрсний хэмжээг эцэслэн тогтоосон ч нэгж бүтээгдэхүүний үнэ болон гэрээний нийт дүнг тусгаагүй байна. Үнийг тухайн үеийн зах зээлийн ханшид үндэслэн багц тус бүрийг ачуулах болон төлбөр тооцоо хийхээс өмнө тохиролцож баталгаажуулах зарчмаар ажиллахаар тусгажээ. “Luda” компани эхний ээлжинд чанарын шинжилгээ, жингийн баталгаажуулалт болон төлбөр тооцооны процессыг жигдрэх стандарт журам бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.
Цаашид жонш, вольфрам, зэсийн арилжаанд стратегиа өргөжүүлнэ
Солонгорох стратеги болон цаашдын төлөвлөгөөний талаар “Luda Technology Group”-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ма Биу (Ma Biu) мэдээлэхдээ:
"Монгол-Хятадын нүүрсний худалдаанд нэвтэрч байгаа нь манай компанийн хувьд түүхий эдийн арилжааны бизнесийг эхлүүлэх, үндсэн үйлдвэрлэлээс гадуурх орлогын сувгийг төрөлжүүлэх чухал анхны алхам юм. Бидний ойрын зорилт бол гэрээт нүүрсний хэмжээг амжилттай нийлүүлэх, эрсдэлийн сахилга баттай удирдлагыг хэрэгжүүлэх болон цаашид тэлэх боломжтой үйл ажиллагааны найдвартай платформыг бий болгоход оршино" хэмээн онцоллоо.
Тус компани нүүрсний худалдаагаар дамжуулан логистик, чанарын хяналт зэргээ сайжруулсны дараа эрчим хүч, металл болон уул уурхайн бусад бүтээгдэхүүний арилжаа руу шилжихээр төлөвлөж байна. Цаашид зах зээлийн эрэлт болон санхүүгийн боломжид тугуурлан хайлуур жонш, вольфрам, төмрийн хүдэр болон зэсийн бүтээгдэхүүний худалдаанд нэвтрэх боломжийг судалж байгаа аж.