
О.Дөлгөөн
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings Limited” (ASX: JGH) компани Тавантолгойн орд дахь “Улаан нуур” (Red Lake) нүүрсний давхаргын метан хийн төслийн хүрээнд хэвтээ чиглэлийн гурав дахь олборлолтын цооногоо өрөмдөж эхэлснээ албан ёсоор мэдээллээ.
Энэхүү цооног нь Монгол Улсын хэмжээнд туршиж буй анхны олон салаа цооног (multilateral completion) бөгөөд үндсэн цооногоос салбарласан хэвтээ чиглэлийн 5 хажуугийн салаанаас бүрдэх ба 3,700 метр орчим өрөмдлөг хийхээс 2,950 метр нь IIIb давхарга доторх тууш өрөмдлөг байх юм. Уг загвар нь нөөцийн давхаргатай харилцах талбайг хамгийн боломжит дээд хэмжээгээр тэлж, цооногийн сорох бүсийг нэмэгдүүлснээр хийн олборлолтын хэмжээ болон урсгалын хурдыг ахиулах зорилготой.
Өрөмдлөгийн ажлыг 2026 оны 11-р сарын эцэст багтаан дуусгахаар төлөвлөж байна. Тус цооногийн техникийн мэдээлэл нь цаашдын цооногийн бүтцийг оновчлохын зэрэгцээ 2027 онд хэрэгжүүлэх олборлолтын томоохон өрөмдлөгийн хөтөлбөрийн техникийн бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
“Jade Gas” компанийн Гүйцэтгэх захирал, доктор Иан Ванг "Анхны олон салаа цооногоо өрөмдөж эхэлсэн нь Red Lake төслийн хувьд дараагийн шатанд гарах алхам. Хэвтээ чиглэлийн 5 салаатай болсноор одоо байгаа ганц салаат цооногуудтай харьцуулахад хийн урсгалын хурд өндөр байх зэрэг олборлолтын гүйцэтгэл бодитойгоор сайжирна. Олон салаа цооногийн загвар нь БНХАУ-ын Циньшуйн бэлчирт хэдийн нэвтэрч баталгаажсан бөгөөд бид энэхүү технологийг ашиглан Red Lake-ийн хийн нөөцийн чадамжийг бүрэн нээхийг зорилго болгож байна." хэмээн онцоллоо.
762.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээ эцсийн шатандаа орлоо
Өрөмдлөгийн ажлаас гадна “Jade Gas” компани Хятадын талын хөрөнгө оруулагч консорциумтай Улаан нуур төслийн 1-р шатны хөгжүүлэлтийн санхүүжилт, хөгжүүлэлтийн эцсийн хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр бодитой ахиц гаргаснаа мэдэгдэв.
Төслийн 1-р шатны хүрээнд нийт 175 олборлолтын цооног барихаар төлөвлөсөн бөгөөд шаардлагатай 762.5 сая ам.доллар (1.1 тэрбум австрали доллар)-ын хөрөнгө оруулалтыг тус консорциум 100% санхүүжүүлэх санал гаргаад байгаа юм.
Тус хэлцлийн хүрээнд Jade компанийн охин компани болох "Метан Газ Ресурс" ХХК нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуух хууль ёсны эрх мэдэл, хариуцлагаа хэвээр хадгалах бөгөөд талууд арилжааны болон хууль эрх зүйн үлдсэн нөхцөлүүдийг эцэслэн, заавал биелүүлэх санхүүжилтийн гэрээнд ирэх 11-р сард гарын үсэг зурахаар ажиллаж байна.